ЗГ: Оюутолгойн зээлийн хүүг бууруулж Монгол Улсын хүртэх өгөөжийг ₮8 их наядаар нэмэгдүүлж чадлаа

.Graph
2026-06-30

Ерөнхий сайдын Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Н.Учрал: Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа.

1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээ дуулгаж байсан бол эхний 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа.

Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

2-рт, Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа.

3-рт, Монголчууд бидний олон жилийн турш ярьсан Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрч чадсанаа дуулгая.

Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа ч Хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байгаа.

Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна.

Оюутолгой төслийг тойрсон асуудлуудад цэг тавих хэлэлцээрүүдийг амжилттай удирдан зохион байгуулж, даруухнаар эх орныхоо төлөө хичээн зүтгэсэн мэдлэг боловсролтой багийн хамт олон, сайд нар, төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай, Монголын ард түмэнд илүү өр өгөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчид, УИХ- н гишүүддээ талархал илэрхийлье. Энэ бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддагийн нэгэн жишээ болон үлдэх болно гэдэгт итгэж байна.

Манай Засгийн газар дуусдаггүй олон яриаг дуусгаж, та бүгддээ олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээн ажилласаар байна. 

 

.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe