АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны санхүүгийн албан ёсны тайландаа өнгөрсөн жилд криптовалютын бизнесээс 1 тэрбум гаруй ам.доллар (750 сая фунт стерлинг) олсон байна.
Нийт 927 хуудас бүхий хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар, тэрээр албан тушаалдаа очихоос хэдхэн хоногийн өмнө гаргасан, одоо үнэ цэн нь эрс унаад байгаа "Trump meme coin"-ий зохиогчийн эрхийн төлбөрөөс 635 сая ам.доллар олсон гэж тайлагнажээ.
Түүнчлэн өөрийнх нь хөвгүүд болон түүний тусгай элч Стив Виткоффын хүүхдүүдийн үүсгэн байгуулсан "World Liberty Financial" хэмээх крипто компаниас 500 сая гаруй ам.долларын орлого олсон гэж мэдүүлсэн байна. Трамп үл хөдлөх хөрөнгө болон өөрийн нэрэмжит брэнд бүтээгдэхүүнүүдээсээ дахин олон сая долларын орлого олжээ. Гэвч Цагаан ордон түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олоогүй хэмээн үгүйсгэв.
Түүний хамгийн сүүлийн санхүүгийн мэдүүлэг дэх орлогын хэмжээ нь 600 гаруй сая ам.долларын орлого мэдүүлж байсан 2024 оныхоос хавьгүй өндөр байна. Трамп өөрийн бизнесүүдээ хөвгүүдийнхээ удирддаг итгэмжлэгдсэн санд шилжүүлсэн гэдгийг Цагаан ордноос удаа дараа онцолж байгаа бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэдгийг няцаалаа.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Анна Келли хэлэхдээ, Ерөнхийлөгч АНУ-ыг "дэлхийн криптогийн нийслэл" болгож чадсанаараа бахархаж байгааг тэмдэглэв. Тэрээр гаргасан мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн ашиг сонирхлын зөрчилтэй хэзээ ч холбогдож байгаагүй, цаашид ч холбогдохгүй" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх