Тата Электроникс компаниас асар их баримтууд алдагдаж, тус компанийн удахгүй худалдаанд гаргах iPhone 18 Pro загварын бэлтгэн нийлүүлэгчдийн жагсаалт, эд ангиудын зураг интернэтийн далд цахим сүлжээнд тавигдсан байна.
Энэхүү явдал нь хөрөнгө оруулагчдын хувьд Энэтхэг улсын томоохон технологийн компаниудын мэдээллийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэлээ. Цахим сүлжээнд тавигдсан шинэ баримт бичгүүдээс үзэхэд iPhone 18 загварын олон зуун эд ангийг аль компани бэлтгэн нийлүүлж байгааг нь нарийвчлан харуулсан 6 файл алдагдсан байна.
Үүнд төв хэлхээний самбар дээрх чипүүд, батерей болон камерын эд ангиудыг ханган нийлүүлэгчдийн мэдээлэл багтжээ. Эдгээр нарийн мэдээллийг Apple компани олон нийтийн мэдээллийн сандаа хэзээ ч ил болгодоггүй бөгөөд асар нууцад тооцогдсоор ирсэн.
Мэдээлэл ингэж ил болсноор тус компанийн өрсөлдөгчид хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон бусад борлуулагчид Apple-ийн зах зээл дэх давуу болон сул талуудыг мэдэн авч буй хэрэг юм.
Энэхүү алдагдлын хариуцлагыг Wordle-ийн хакерын бүлэглэл хүлээсэн бөгөөд тэд өмнө нь Nike компанийн системд нэвтэрч байснаа ч мэдэгдэж байсан юм.
Тэд Тата Электрониксоос 200 мегабайт гаруй файлыг хулгайлж дотор нь хуучин iPhone утаснуудын загвар мөн Tesla компанийн зарим эд ангийн мэдээллээс гадна чип үйлдвэрлэгч TSMC болон Qualcomm компаниудын чухал баримт бичгүүд багтсан байна.
Энэхүү мэдээллийг ил болгосон үйл явдал нь Apple компанийн хувьд тун таагүй үед тохиож байна. Учир нь санах ой болон хадгалах чипний үнэ өссөнөөс шалтгаалан тус компани өнгөрсөн долоо хоногт iPad болон MacBook-ийнхээ үнийг нэмээд байсан бөгөөд ирэх саруудад шинэ iPhone-ийнхаа үнийг ч мөн өсгөх хүлээлттэй байсан юм.
Алдагдсан файлуудын дотор Apple-ийн нууцлалтай баримт бичгүүд болон Тата-гийн үйлдвэрт энэ оны эхээр хийгдсэн утсыг унагаж бат бэхийг туршсан туршилтын зургууд ч багтсан байсан. Эдгээр зурагт 3 арын камертай Apple-ийн лого бүхий уламжлалт хавтгай хэлбэртэй саарал өнгийн гар утсыг дүрсэлсэн байна.
Энэхүү шинэ загварын iPhone 18 Pro болон Pro Max утаснуудаа ирэх 9-р сард албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөж байсан юм.
Мэргэжлийн судалгааны байгууллагуудын мэдээллээр Энэтхэг улс 2026 онд дэлхийн нийт iPhone-ийн 26 хувийг үйлдвэрлэх төлөвтэй байгаа нь 4 жилийн өмнөх 6 хувиас эрс өссөн үзүүлэлт юм.
Ийнхүү Apple болон Тата компаниудын хамтын ажиллагааны үндэс болсон итгэлцэлд энэхүү цахим алдагдал томоохон ан цав үүсгээд байна. Одоогоор хоёр талын хэвлэлийн төлөөлөгчид албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаад байна. Гэсэн хэдий ч Тата компани дотоод системүүдийнхээ хандалтыг хязгаарлаж мэдээллийн алдагдлыг шалгуулахаар олон улсын зөвлөх компани хөлслөн шалгалт хийлгэж байгаа ажээ.
Сэтгэгдэл үлдээх