ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ "БАЗАА" -13

.Graph
2026-07-02

Хасагдах шатны тоглолтууд дуулиан шуугиан дүүрэн үргэлжилж байна.

ГЕРМАН -ПАРАГВАЙ 1:1 ( торгуулийн цохилтоор 3:4)

Парагвай хамгаалж тоглох нь тодорхой байлаа. Харин Германы дасгалжуулагч (ДАШТ-д оролцож буй хамгийн залуу дасгалжуулагч) Нагельсманн Өмнөд Америкчуудын " бетон" хамгаалалтыг хэрхэн сэтлэх тактик боловсруулсан нь сонирхол татах. Тэрбээр уран, техниктэй , ур чадвартай Мусиалагийн оронд хүчирхэг Ундаваг гаргав. Хамгаалалтыг уран гоё хууралтаар биш хүчээр эвдэхээр шийдсэн нь тодорхой болов.Харин үр дүнд нь Ундава эхний хагаст бөмбөгт бараг л хүрсэнгүй ээ.

Парагвайн Энсисо тоглолтын салхийг хагалж, Германы Хаверц тоог тэнцүүлсэн. Шүүгчийн мэдлийн цагт Германы Та гоол оруулсан ч Вольтемаде Парагвайн хаалгачийн биед хүрч алдаа хийснийг VAR аар хүчингүй болгосон. Эргэлзээтэй л шийдвэр.

Ингээд хэн нь "ёндоотойгоо" үзэх 11 метрийн цуврал торгуулийн цохилт. Германаас Хаверц, Вольтемаде нар цохилтоо хаалгаж, Та "шувуу" буудав. Төвийн хамгаалагчаараа цохиулж л байдаг?!

Парагвайн Ерөнхийлөгч улс даяар амралтын өдөр зарлаж байхад Германы домогт хаалгач Нойер "гавьяаны амралтаа" зарлаж байлаа.

2014 онд Дэлхийн аварга болсноосоо хойш Герман 2018,2022 хэсгээсээ ч шалгарч чадаагүй бол энэ удаа хасагдах шатны эхний даваанд өвдөг шороодлоо.

НИДЕРЛАНД -МАРОККО 1:1 ( т.ц 2:3)

Марокко өмнөх ДАШТ-д дөрөвт үлдсэн хүчтэй баг боловч үеийн үед дэлхийн шилдэг багуудын тоонд ордог, түүхт "Улбар шаруудыг" тэднээс ийн их "айна" гэж бодсонгүй. Куман таван хамгаалагч гаргаж буй нь айсан, довтолгооны хувилбарын шинэ санаа байгаагүй гэсэн үг.

Эхний үед л Марокко тоглолтын үр дүнг өөрчлөх боломжтой байсан Нидерландын хаалгач Вербрюгген хоёр ч удаа багаа аварсан.

Гэсэн хэдий ч Гакпо ( гэр бүлд нь гашуудалт үйл явдал тохиосон) хорвоогийн өнгө ээлжилж байдаг тохиолоор 74 дэх минутад гоол оруулж, нулимс унагав.

За тоглолт ингээд дуусах нь ээ гэх тэр л сүүлчийн хоромд, 90+1 минутад Исса Диоп тоог тэнцүүлэх нь тэр.

Нэмэлт цагт тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Торгуулийн цохилтоор тодруулах болов, ялагчийг.

Нидерланд ч удаа, хичнээн ч тэмцээнд "пенальти"-аар ялагдсан билээ , бүү мэд. Лав нилээн олон.

Энэ удаа ч энэ "хар уламжлал" нь давтагдав.

Энэ 11 м-ийн цуврал бас нэгэн ДАШТ-ий рекордыг шинэчиллээ. Юу гээч? Дөрвийн дөрвөн тоглогч хаалганы гадуур цохижээ.

НОРВЕГИ-КОТ Д ИВУАР 2:1

Норвегийн Антонио Нуса, Кот дивуарын Амад Диалло нарын үзүүштэй гоолоос өөр тодруулж бичихээс өөр аргагүй зүйл нь тоглолтын 86 дахь минутад Эрлинг Браут Хааландын хийсэн хамгийн гоё нь биш ч хамгийн чухал гоол байлаа.

ФРАНЦ-ШВЕД 3:0

Ямар ч баг , ямар ч хамгаалалтад торохгүй Францын довтолгоо үнэхээр "айишигтай" байнаа. Одоогоор тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөгч баг "таарсангүй".

Дешам Олисег хуурамч #10 дээр тоглуулж буй нь нүдээ олжээ.

Тэрбээр энэ тоглолтод хоёр ч гоолны дамжуулалт өгч, нийтдээ 5 дамжуулалтаар бусдыг тэргүүлж байна.

Мбаппе ч шилдэг довтлогчдын жагсаалтыг Мессигийн хамт 6 гоолоор манлайлж байна.

МЕКСИК-ЭКВАДОР 2:0

40 жил ДАШТ-ий хасагдах шатанд хожиж үзээгүй хар цувралаа дөрөв тоглолт дараалан хаалгандаа бөмбөг алдаагүй тоглож зогсоолоо, мексикчүүд. Хэдийгээр супер одгүй ч ийм сайн хамгаалалт, хагасхамгаалалт, довтолгооны баланстай, өрсөлдөгчөө сөөм ч газар урагш алхуулахгүй шахалт хийж буй ийм Мексик наймд үлдэх бүрэн боломжтой, цаашдаа ч ямар ч том багтай үзэлцэх байх.

АНГЛИ-АРДЧИЛСАН КОНГО 2:1

Бас нэгэн гайхалтай тоглолт үзүүллээ, конгочууд. Дэндүү эрт гоол нь ороогүй, тэнцүүхэн явж байгаад хоёдугаар хагасын дунд хавьд гоол нь орсон бол яаж мэдэхээр байлаа. Сэхүүн англичууд эрт гоол алдсан тул сэргэн , довтолгоо , довтолгоо , довтолгоо хийн тоглолтын хэмнэлийг гартаа оруулж дөнгөв. Конгогийн хаалгач хэд хэдэн аюултай довтолгоог няцаасан бол Английг хаалганы шон нь бас нэг аврав.

Эцэст нь бүх зүйл номоороо болж, Харри Кэйн хөлбөмбөгийг өлгийдсөн эх орноо авран, хоёр гоол орууллаа. Аврагч юм, аргагүй л ахлагч юм , Кэйн. Гэхдээ энд сэлгээгээр талбайд гараад ахлагчдаа хоёр гоолын "ассист" өгсөн Энтони Гордонг бас заавал дурьдах ёстой!

Хэдийгээр ДАШТ-ий аялалаа өндөрлөсөн ч Португал, Англи, Колумб гээд томчуудтай эн тэнцүүхэн тоглосон конгочууд эх орондоо нүүр бардам харих нь ээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe