УЛААНБААТАР, 2026 оны 7 дугаар сарын 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Энх тайван, хүний эрхийн хэлтэс, Монгол Улсын Их Сургууль хамтран “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” сэдэвт бүс нутгийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Ардчиллын дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн үр нөлөө бүхий энэхүү хамтын ажиллагааг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа анх санаачилсан түүхтэй. Энэхүү арга хэмжээ нь ардчиллын тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, иргэдийн оролцоо болон нийгмийн аюулгүй байдлын харилцан хамаарлыг бүс нутгийн бодлогын түвшинд хэлэлцэхэд чиглэж буй юм.
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр үг хэлэхдээ, дэлхий дахинд ардчиллын чанар, төрийн институцийн чадавх, улс төрийн туйлшрал тулгамдсан асуудал болж буй өнөө цагт бүс нутгийн хамтын ажиллагаа, бодлогын нээлттэй яриа хэлэлцээ нэн чухал болохыг онцлов. Ардчиллын бат бөх байдал нь зөвхөн төрийн институцээс бус, хууль хүн бүрд тэгш үйлчлэх нөхцөл, хариуцлагатай засаглал, иргэдийн идэвхтэй оролцооноос шууд хамаардаг. Иймээс тус хурал нь 2025 онд эхлүүлсэн “Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт анхдугаар хурлын үргэлжлэл болж, бүс нутгийн улс орнуудын туршлага, судалгаанд тулгуурласан шийдлийг эрэлхийлж байна.
Ардчиллын сорилтууд ба бүс нутгийн шийдэл
Хурлын хүрээнд ардчилсан тогтолцоонд нөлөөлж буй дотоод, гадаад хүчин зүйлс, Үндсэн хуулийн институцүүдийн үүрэг, хүний эрх, хууль дээдлэх ёсны уялдаа холбоог олон улсын нэр хүндтэй судлаачдын түвшинд авч үзнэ. Тухайлбал, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Жонг Вон Үндсэн хуулийн институцүүдийн гүйцэтгэх үүрэг, Стэнфордын их сургуулийн профессор Киёотэру Цүцүй хүний эрх болон ардчиллын харилцан хамаарлын олон улсын жишээ, Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш ардчиллын чанар болон институцийн хөгжлийн харьцуулсан судалгаа, Бернийн их сургуулийн ахлах судлаач Шон Мүллер орон нутгийн өөрөө удирдах ёс болон Швейцарын туршлагын талаар тус тус илтгэнэ.
Түүнчлэн “Ардчилал ба иргэдийн оролцоо” хэлэлцүүлгээр иргэдийг бодлого боловсруулах үйл явцад бодитой оролцуулах механизм, зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэлэлцэх юм. Энэ хэсэгт профессор Жеймс С. Фишкин, ЭЗХАБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож, бодлогын чанарыг сайжруулах сайн туршлагуудыг танилцуулна.
Мөн “Улс төрийн туйлшрал ба Ази тив” сэдвээр нийгмийн талцал, популизм, цахим орчин болон мэдээллийн экосистемийн өөрчлөлтийн талаар Шри Ланка, Бангладеш, Япон, Индонез зэрэг улсын төлөөлөгчид, тэр дундаа Индонез улсын Худалдааны сайд асан Гита Виржаван тэргүүтэй эрдэмтэн, бодлого боловсруулагчид туршлага солилцоно. Энэхүү бүс нутгийн хурал нь ардчиллын нийтлэг сорилтуудыг хамтран шийдвэрлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр бөгөөд хууль дээдлэх ёс, хариуцлагатай төр, идэвхтэй иргэн нь ардчиллын дархлаа, аюулгүй нийгмийн үндэс болохыг дахин нотолж байна.
Сэтгэгдэл үлдээх