БЕЛЬГИ-СЕНЕГАЛ 3:2
Энэ ДАШТ-ий хамгийн "драма"-тай тоглолт боллоо. Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө дөрөвхөн минут дутуу, Сенегалчууд 2:0-ээр хошуучилж явахад энэхүү "драма" дөнгөж эхэлсэн юм. Бельгийн хашир хандгай Лукаку 86 дахь минутад гоолдсоноор "Улаан чөтгөрүүдэд" хонгилын үзүүрт гэрэл "харагдсан" байх.
Дараа нь ердөө гуравхан минутын дараа Троссардын дамжуултыг Бельгийн багийн ахлагч Тилеманс мөргөөд 2:2 болгосон. Энд Сенегалын хаалгач уучилж боломгүй алдаа гаргасныг дурьдахгүй өнгөрч болохгүй.
Сонирхолтой нь хэдхэн минутын өмнө Троссард, Тилеманс муудалцан үг шидэлцэж, бараг л барилцаж авахаа дөхсөн.
Тэгтэл мань хоёр Бельгийн аврагчид болох нь тэр.
Ингээд Сенегал амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхийн үлгэр болов. Үлгэр үүгээр ч дууссангүй. Нэмэлт 30 минутад хэн хэн нь гоол хийж чадсангүй явсаар 120 минут буюу тоглолтын цаг дуусах үед шүүгч VAR -ийн оролцосноор бичлэг давтан нягталж үзээд Сенегалын хаалганд "пенальти" заасан.
Сенегалын хамгаалагч Сисс 11 метрийн торгуулийн цохилтын цэг дээр элгээрээ даран унаж "хамгаалсан" ч шүүгчийн шийдвэрийг яалтай?
"Улаан чөтгөрүүдийн" ахлагч Тилеманс 11 метрээс тун ч тайван , бас мэргэн цохин хожлын гоолыг оруулснаар энэ "жүжиг" хөшгөө хаалаа.
АНУ-БОСНИ ХЕРЦЕГОВИНА 2:0
"Гэрийн нохойн сүүл өөдөө" гэж үг бий дээ. Монголчууд зүгээр ч нэг үг хэлдэг. Харин энэ дэлхийн аваргаар "гэрийн нохдын сүүл өөдрөг" гэдэг болж байна.
Анх удаа гурван орны нутаг дэвсгэр дээр зохиогдож буй ДАШТ-ий хасагдах шатанд зохион байгуулагч гурван орны баг гурвуулаа шалгарсан төдийгүй гурвуулаа эхний давааг амжилттай даван, шилдэг 16-д багтлаа.
Канад, Мексикийн араас АНУ нэмэгдлээ.
АНУ өнөөдөр Босни Херцеговинагийн эсрэг тоглосон. Э.Жеко тэргүүтэй, Их Югославын "тасархай" болохоор тун сайн үзэх байх гэж хүлээж байсан ч болсонгүй.
АНУ-ын залуу багт ёстой л "дарамтлуулав". Америкийн хоёр ч гоолыг нь отон тоглолт байсан учир тооцоогүй ч тэд дахиад хоёр гоол оруулж чадлаа. Хоёр дахь гоолыг бүүр арвуулаа байхдаа ( Балогун нь улаан хуудас авсан) хийлээ, америкчууд чөлөөт цохилтоос.
Хурд, идэвх, санаачилга, довтолгоо гэх юм Боснид огт байсангүй.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Сэтгэгдэл үлдээх