ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ "БАЗАА" -17

.Админ
2026-07-05

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 16-гийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

КАНАД-МАРОККО 0:3

ДАШТ-ийг зохион байгуулагч гурван орны баг гурвуулаа хасагдах шатанд шалгарч том амжилт гаргаад байсан. Канадчууд гэхэд л хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны оноо, анхны хожлоо авч түүхээ шинээр бичсэн.

Харин энэ удаа хоккейн эх орныхон хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африкийн анхны баг ( 2022 онд) Мароккогийн "Атласын арслангууд"-ын эсрэг юу ч хийж чадсангүй 0:3-аар "цэвэр тавиуллаа". Марокко ийнхүү шилдэг наймд шалгарч дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтахад ганцхан алхам үлдлээ. Харамсалтай нь энэ ДАШТ-ий нэгэн нээлт , "Атласын арслангуудын" шилдэг довтлогч Исмаэль Сайбари гуяны арын булчингийн гэмтлийн улмаас талбайг орхисон. Хэр ноцтой нь одоогоор тодорхойгүй байна. Марокко залуу хэдхэн хоногийн өмнө Германы "Бавари"-д 55 саяын гэрээгээр нэгдсэн билээ.

ФРАНЦ-ПАРАГВАЙ 1:0

Цорын ганц гоолыг Килиан Мбаппе 70 минутад "пеналти"-аас хийлээ. Тоглолтын туршид гоол орох бодит ердөө хоёрхон гарсны нэг нь энэ. Нөгөөх нь 90+6 дээр Мбаппе хоёр ч цохилт угсруулан хийгээд хоюуланг нь хаалгасан. Парагвай бол хаалга руу чиглэсэн цохилт хийхээс илүү өрсөлдөгчийнхөө хөл рүү өшиглөхийг илүүд үзсэн нь илт.

Хурдтай, ур чадвар өндөр Францын довтолгоог ингэж л зогсоох тактик барьсан бололтоы. Хачирхалтай нь энэ тоглолтыг талбайд шүүсэн узбек шүүгч парагвайчуудын бохир тоглолтод нэг ч шар "жавтий" хүртээсэнгүй. Харин францчуудыг гурван ч шар хуудсаар торгоно лээ. Узбекүүд ер булхайнд гаргуун, хахууль өгнө ч, авна ч. Тэгэхээр бид хардах эрхтэй хэ хэ.

Энэ тоглолт энэ ДАШТ-ий хамгийн халуунд болсон тоглолтоор тодорсон. Цельсийн 37 градус байсан бөгөөд талбайд наранд тоглож буй тоглогчид бүү хэл сүүдэр талд суусан бид хүртэл " хайлах" шахсан.

Мөн энэ тоглолт АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдрөөр, бүүр 250 жилийн ойгоор боллоо. Болох болохдоо АНУ-ын тусгаар тогтнол, түүхэнд тод мөрөө үлдээсэн ( Манайхаар бол Хиагт, Алтанбулаг ч юм уу) Филадельфид боллоо.

Шөвгийн наймын эхний учраа ФРАНЦ-МАРОККО ийн тодров.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe