"Алтан шаахай" шагналын төлөө өрсөлдөөнд Месси,Мбаппе хоёр тэнцүү 7 гоолтой тэргүүлж явна

.Graph
2026-07-05

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ: СТАТИСТИК

23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог "Алтан шаахай" шагналын төлөө өрсөлдөөнд Аргентиний Лионель Месси, Францын Килиан Мбаппе хоёр тэнцүү 7 гоолтой тэргүүлж явна.

Тэдний "ар шил" дээр Норвегийн Эрлин Хааланд, Английн Харри Кэйн нар тус бүр 5 гоолтой "гэзэг дарж" байна. Хоёулаа өнөөдөр тоглолттой, гоолоо ахиулах эсэхийг хамтдаа харья.

Мөн Испанийн Микель Ойарсабаль, Францын Усман Дэмбеле, Бразилийн Винисиус Жуниор, Сенегалын Исмаэль Сарр нар 4 гоолтой тууж яваа ч Саррын хувьд тэмцээн нь дууссан.

Харин ассист буюу гоолын дамжуулалтаар Францын Майкл Олисе 5 ассисттай тэргүүлж байгаа.

Германы "Бавари"-д хүчин зүтгэдэг, Англид төрсөн ч Францын төлөө тоглодог, англи-нигери, франц-алжир цустай Олисе шигшээ багтаа шинэ үүрэг, шинэ байрлалд тун сайн тоглож, энэ ДАШТ-ий бас нэг нээлт болж байна.

Мароккогийн Браим Диас, Бразилийн Бруно Гимэрайнш нар тус бүр дөрөв, Мексикийн Альварадо, Норвегийн Одегаард нар гурван удаа гоолын пасс хаясан явна. Мөн Германы Вирц, Шведийн Исак нар гурван ассисттай ч тэмцээнээ өндөрлүүлсэн .

Одоогоор 90 тоглолт болж, 261 гоол ( дунджаар нэг тоглолтод 2,9 гоол) орж, нийтдээ 5,8 сая үзэгч ( дундаж нь 64,8 мянга) цэнгэлдэхэд үзжээ.

14 автогоол ( өөрийнхөө хаалганд гоол оруулсан) бүртгэгдсэн бөгөөд Египетийн Мохамед Хани өөрийн хаалганд хоёр удаа автогоол оруулж, "хар дансанд" оржээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe