Гадаадад суралцах иргэдийн 2026-2027 оны сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа

.Graph
2026-07-05

Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжид хамруулах сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгууллаа.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элссэн иргэд хамрагдсан бөгөөд тухайн сургуулийн олон улсын эрэмбэ, тэтгэлгийн хэмжээ, Боловсролын зээлийн сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээг үндэслэн үнэлгээний аргачлалын дагуу автоматаар оноог тооцон эрэмбэлж, урьдчилсан эрэмбийн жагсаалт үүсгэсэн.

Урьдчилсан эрэмбийн жагсаалтын дагуу Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчдын системд бүртгүүлсэн мэдээлэл, хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгаж, дүгнэлт гаргав.

Сонгон шалгаруулалтын дүнд бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн өргөдөл гаргаснаас 20, докторын түвшинд 2 иргэн хүсэлт гаргаснаас 1 иргэн тус тус шалгарлаа.

Мөн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 20 иргэнийг бүртгэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 10 иргэний өргөдлийг хүлээн авч хянан үзснээс журмын шаардлага хангасан 7 иргэнийг шалгарууллаа.

Сонгон шалгаруулалтын бүх үе шатанд ил тод, нээлттэй байдлыг хангаж, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын цахим систем (https://scholarship.elf.gov.mn/) -ээр сонгон шалгаруулалтын үйл явцыг тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллалаа.

Мөн сонгон шалгаруулалттай холбоотойгоор иргэдээс нийт 45 өргөдөл, гомдол ирүүлснийг тухай бүр хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд шийдвэрлэн хариу хүргүүлэв.

Боловсролын сайдын дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг нягтлан хэлэлцэж, Ажлын хэсэгт холбогдох зөвлөмж өгч, өргөдөл гаргагчдад хариу хүргүүлж ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe