Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн хамгийн хүлээлт үүсгэсэн тоглолтуудын нэг болох Испани болон Португалын шигшээ багуудын хүчтэй тулаан АНУ-ын Арлингтон хотын "AT&T Stadium"-д болж, Испанийн ялалтаар өндөрлөлөө.
Энэ талаар Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшингийн бэлтгэсэн тоймыг хүргэж байна.
Хэдийгээр талбай дээрх тоглолт тийм ч өндөр хэмнэлтэй бус, багууд бие биеэ цэнэсэн, алдааг нь отож, зай хүлээсэн тактикаар тоглосон ч асар их сэтгэл зүйн дарамт, харагдахгүй тэмцэл дунд өрнөв.
Эхний үе: Испанийн довтлогч Ойарзабаль болон Баэна нарын аюултай довтолгоог Португалын хаалгач Диогу Кошта амжилттай хаасан бол Нуну Мендешийн хүчтэй цохилт Испанийн хаалганы хөндлөвчийг онож багтаа аюул тарилаа.
Роналдугийн боломжууд: Криштиану Роналду (КР7) хоёр ч удаа хаалга руу аюултай довтолсон ч Испанийн найдвартай хамгаалалт, хаалгач Унай Симон нарыг давж чадсангүй.
Шийдвэрлэх гоол: Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дөнгөж эхэлж байх мөчид Испанийн сэлгээгээр талбайд гарсан Ферран Торрес зүүний сүвэгч шиг нарийн зайгаар дамжуулалт өгч, үүнийг мөн л сэлгээгээр орж ирсэн Мерино оновчтой цохилтоор доод буланд шигтгэв.
Ийнхүү "Ялагдашгүй Армада" буюу Испанийн шигшээ баг 1:0-ээр өрсөлдөгчөө буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Мөн Испанийн хаалгач Унай Симон хаалгандаа гоол алдалгүй 609 минут тоглон ДАШТ-ий шинэ дээд амжилтыг тогтоосон байна.
Зургаан ДАШТ-д дараалан гоол оруулсан хосгүй амжилтын эзэн, 41 настай Криштиану Роналдугийн хувьд энэ нь түүний Дэлхийн аваргын хамгийн сүүлчийн тоглолт болж үлдлээ. Хоёр арваны турш дэлхийн хөлбөмбөгийн оргилд хаанчилсан тэрээр олон зуун камерны өмнө нулимсаа барьж ядан, харамсалтайгаар аньсгаа арчих тэр агшинд цэнгэлдэхэд байсан хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөг сонирхогчид бүгд босч, аугаа домогт хүндлэл үзүүлэн алга ташиж байв.
Өчигдөр Неймар, өнөөдөр Криштиану Роналду нар дэлхийн аваргын ногоон зүлгийг ийнхүү гунигтай бөгөөд бахархалтайгаар орхиж байна.
"Би гунигтай байна. Гэхдээ бүхнээ зориуллаа. Бид бахархал дүүрэн нэр төртэй тоглосон ч маш хүчтэй багт ялагдлаа. Тийм ээ, энэ бол миний сүүлчийн ДАШТ байсан. Гэхдээ одоо надад тайван бодож, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх боломж гарна. Амьдрал үргэлжилнэ.
Харин Португалын үндэсний шигшээ багаас бүрмөсөн зодог тайлах эсэхээ хараахан шийдээгүй байна. Би хэзээ ч тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж шийдвэр гаргадаггүй, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тайван бодож байж шийдвэрээ гаргана.
Би Португалын шигшээ багтайгаа гурван том цом хүртсэн. Намайг ирэхээс өмнө Португалд нэг ч том цом байгаагүй. Евро-2016-ын түрүү миний хувьд ДАШТ-ий аварга болсонтой адил үнэ цэнтэй. Би маргааш өнөөдөр сэрсэнтэй яг адилхан сэрнэ. Би чадах бүхнээ хийсэн."
Португалын шигшээ баг харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн ч дэлхий даяарх сая сая дэмжигчид нь түүнийг "Хамгийн шилдэг нь хэвээрээ" гэдгийг цахим хуудсуудаараа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл үлдээх