Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн ажлын үр дүн, илрүүлсэн зөрчлийн талаар Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар мэдээлэл өглөө.
Нийт зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийх оролдлого эзэлж байна.
Гаалийн байгууллага энэ оны эхний 6 сарын байдлаар нийт 2,047 зөрчил илрүүлж, хянан шалгасан байна. Энэ нь 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад зөрчил илрүүлэлт 17.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Илэрсэн зөрчлийн бүтцийг авч үзвэл:
47.1% нь татвараас зайлсхийх (бараагаа дутуу мэдүүлэх, мэдүүлэхгүй байх, үнийн дүнг дарах);
23.5% нь тарифын бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ.
Нийт зөрчлөөс 52 нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс гадна:
Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис илрүүлсэн 12 зөрчлийг хуулийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн.
Олон улсын боомтууд дээр хууль бусаар 1.6 кг алт гаргах гэж байсныг гаалийн байгууллага бие даан илрүүлсэн.
БНТУ-аас ирсэн иргэн биедээ 12.2 кг алтан эдлэл нууж оруулж ирснийг рентген хяналтаар илрүүлжээ.
Анхааруулга: Сүүлийн үед чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг арилжааны зориулалтаар их хэмжээгээр, хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдах үйлдэл олширч байна. Иймд иргэдийг эмчийн жор, зааваргүйгээр цахим орчин болон гар дээрээс элдэв тариа, эм бэлдмэл худалдан авч, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг гаалийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Сахилгын зөрчил гаргасан 97 албан хаагчид хариуцлага тооцжээ.
Гаалийн байгууллага дотоод хяналт шалгалтаа чангатгаж, эхний хагас жилд Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль зөрчсөн, технологийн заавар мөрдөөгүй, бараа дутуу шалгасан зэрэг дутагдал гаргасан 91 албан хаагчид сахилгын хариуцлага, 6 албан хаагчид ёс зүйн хариуцлага тооцсон байна.
Авсан арга хэмжээний хувьд:
26 албан хаагчийн гаалийн улсын байцаагчийн эрхийг түр түдгэлзүүлсэн;
20 гаруй албан хаагчийг Замын-Үүд дэх Гаалийн газраас шилжүүлсэн;
Нийт 29 албан хаагчид сануулах шийтгэл оногдуулсан;
Бусад албан хаагчдын зэрэг дэвийг бууруулах, цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах болон 3 албан хаагчийг албанаас халах шийдвэр гаргажээ.
Мөн хууль хяналтын байгууллагаас шалгагдаж буй байцаагч нарыг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажлаас нь түр түдгэлзүүлээд байгааг мэдээлэв. Түүнчлэн гаалийн байгууллагын татварын орлого энэ оны 6 дугаар сарын байдлаар 110.6 хувийн биелэлттэй байгаа бөгөөд үүнд онилгоот шалгалт болон хууль хяналтын байгууллагын шуурхай арга хэмжээнүүд нөлөөлсөн гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл үлдээх