Уурхайн үйл ажиллагаатай холбоотой таны мэдэх ёстой бүх зүйл
Оюу толгой гэхээр танд юу бодогддог вэ? Алт уу, мөнгө үү, зэс үү, нүүрс үү, эсвэл бүр бодож ч байгаагүй юу? Энэхүү нийтлэлийн зорилго бол иргэн танд дээрх асуултын хариуг өгөх юм. Ямар ч байсан уурхай гэдгийг нь бүгд мэдэх байх. Гэхдээ яг юуг, яаж олборлоод байна вэ?
Оюутолгой бол монголдоо төдийгүй дэлхийд нэлээн дээгүүр бичигддэг зэс, алт олборлодог уурхай юм.
Мэдээж гол нөөц бол таны, миний болоод монгол орны баялаг юм. Харин газрын гүнд байгаа энэхүү байгалийн нөөцийг технологи, олон улсын туршлага, мэдлэг, ур чадвараар олборлон, олон улсын зах зээлд нийлүүлж, баялаг болгон хувиргаж байна.
2023 оны байдлаар манай улс дэлхийн топ 20 зэс үйлдвэрлэгч орны жагсаалтын 17-т бичигдэж байжээ. Харин 2028 он гэхэд Оюу толгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, Монгол Улс зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох төлөвтэй байна.

Энэ талаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 жил өнгөрч байна. Энэ жилийн онцлох зүйл гэвэл бид эерэг мөнгөн урсгалдаа орж, товчхондоо ашиг олж эхэлж байна гэж ойлгож болно. Уурхайн суурь дэд бүтэц бүрэн хэмжээнд бэлэн болсон. Харин цаашид өргөжин тэлээд явах юм. 2026 онд уурхай ойролцоогоор 400 гаруй мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх зорилготой байгаа. Одоогийн байдлаар 10-15 хувиар төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд явж байна. Харин алтны хувьд 400 мянган унцын төлөвлөгөөтэй байна. Ингэснээр бид хоёроос дээш тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай болох юм. Эдгээр үр өгөөжөөс гадна энд ажиллаж буй 18,000 уурхайчдын аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Би хувьдаа манай уурхай аюулгүй ажиллагаараа дэлхийд эхний 10-т бичигдэнэ гэж бодож байна. Гэхдээ энэ бол тайтгарах шалтгаан биш цаашид тасралтгүй хичээх ёстой” гэлээ.
Аюулгүй ажиллагаагаа гэснээс манай сурвалжлах баг уурхайн талбарт буусан цаг мөчөөс буцах хүртэл автобусны жолоочоос эхлээд бүх мэргэжилтнүүд нь аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөөг алхам тутамд танилцуулж байлаа.
Харин одоо Оюу толгой уурхайн зэсийн баяжмал хэрхэн бүтдэгтэй танилцъя.

Ил уурхайн ажил 2011 онд эхэлж байжээ. Уурхайн нийт хасах нөөцийн 20 хувийг агуулдаг байна. Өдөрт дунджаар 300 мянган тонн материал хөдөлгөж байгаагаас ердөө 30 хувь нь л хүдэр байдаг байна.
Хүдэр нь энгийнээр бага хэмжээний алт, зэс зэргийг агуулсан чулуулгийн хуримтлал юм.
Өдөрт баяжуулж буй хүдрийн маш бага буюу 0.4 хувь нь л зэсийн баяжмал болдог аж. Ил уурхайг одоогоор 450 орчим метр гүн ухсан байгаа ба эцсийн гүн нь 750 метр орчим болно хэмээн ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр ярилаа.

Оюу толгой гэхээр л гүний уурхай нь яадаг юм бол л гэж бодогддог байлаа. Тэгвэл энэ удаа энэхүү асуултынхаа хариуг авсан гэж бодож байна. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцъя. Гүний уурхай саяхан буюу 2023 оны гуравдугаар сард олборлолтоо эхлүүлж байжээ.
Очсон даруйдаа аюулгүй ажиллагааны дүрэмтэй сайтар танилцан хамгаалах хувцас хэрэгсэл, гутал гээд бүгдийг ном журмын дагуу өмссөний дараа аварга том босоо ам буюу нэг төрлийн лифтээр буусан юм. Одоо ирсэн газар бол газар доорх хот гэгддэг 1256 метрийн гүнд орших Оюу толгойн гүний уурхай юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал BlueSky-ийг 12 давхарласантай дүйцэх юм. (Хамгийн эхэнд төрсөн сэтгэгдэл гэвэл энэ бүхнийг хүний гараар бүтээсэн гэхэд итгэмээргүй санагдаж байлаа.
Оюу толгойн нийт нөөцийн 80 хувь нь яг энд байгаа юм байна. Гүний уурхай нь ил уурхайг бодвол хүдрээс гарах зэсийн баяжмалын агууламж ил уурхайтай харьцуулахад өндөр аж.
Гүний уурхайн нэг ээлжид өдөрт ойролцоогоор 1000 ажилтан 12 цагийн ээлжээр ажилладаг байна. Ер нь зөвхөн гүний уурхай гэлтгүй дээр дурдсанчлан уурхайн талбарт орсон хэн бүхний аюулгүй байдал хамгийн чухал аж. Тиймээс уурхай ноцтой эрсдэлийн менежмент гэх системтэй юм байна. Ноцтой эрсдлийн менежментээр уурхайн талбарт хүний амь эрсдэх 22 төрлийн эрсдэл байдаг байна.

Харин тус системээр эдгээр эрсдэлээс сэргийлэх аргачлалыг тооцож урьдчилан сэргийлдэг аж. Мөн гүний уурхай 48 хорогдох байртай бөгөөд суурин болон зөөврийн гэсэн хоёр төрөлтэй. Энэ нь багадаа 20, ихдээ 75 хүний багтаамжтай аж.
Аюулгүй ажиллагаа болон ажилчдын ажиллах нөхцөлтэй холбоотой жижигхэн жишээ: Уурхайд чийгшил ихсэх буюу 25-28 градуст хүрсэн тохиолдолд 40 минут ажиллаад 20 минут амарч, чийгшлийн хэмжээ 28-32 болж өсөн тохиолдолд 30 минут амраад 30 минут ажиллах зарчимтай байдаг.
Бидний мэдэхээр бол гадаа бороо ороход чийгшил нэмэгдэж сэрүүхэн болдог бол газрын гүнд энэ нь яг эсрэгээрээ ажилладаг байна. Эдгээр мэдээллийг Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэлтсийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн М.Солонго өгсөн юм.

Баяжуулах үйлдвэрийг маш энгийнээр тайлбарлавал ил болон гүний уурхайгаас гарсан хүдрийг нунтаглаж, эрдсийг нь ялган зэсийн баяжмал болгох процесс юм. Энэ үйлдвэр нь өдөрт 120 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Тоног төхөөрөмж болон технологийн хувьд дэлхийн жишигтэй адил бутлуур, нунтаглагч тээрэм, бөөрөнцөг тээрэм, үүлэн баяжуулалт зэрэг технологиор ажилладаг. хэмээн Баяжуулах үйлдвэр хариуцсан мэргэжилтэн ярилаа.

Хүдэрээ олборлочихлоо, ялгаад салгачихлаа, баяжуулчихлаа. Ингээд баяжмалаа савлаад гаргахад бэлэн боллоо. Энд хүрэхийн тулд 18,000 гаруй ажилтны ур чадвар, хүч хөдөлмөр, болон асар олон үе шат, дамжлага, өндөр технологийн хүчин чадал шаардлагатайг ойлгох нь зүйтэй болов уу. Савлах үйлдвэрт ирсэн баяжмалыг дахин шинжилгээнд оруулсны дараа багц болгон савладаг. Нэг багцад 640 тонн зэсийн баяжмал багтана. Ингээд өдөрт ойролцоогоор 11-12 багц баяжмал уурхайгаас гардаг байна. Нэг зүйл сануулахад Оюу толгойн уурхайн баяжмал нь эцсийн бүтээгдэхүүн биш юм. Энэ нь зөвхөн түүхий эд учир эцсийн бүтээгдэхүүн болгохоор Хятад руу худалдаалдаг юм шүү.

Ингээд “Оюу толгой” компани энэ оны эхний улиралд гэхэд л улсын төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Мөн “Оюу толгой” компани өдөрт дунджаар 23 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд оруулдаг аж.

Олон улсын уул уурхай, металын зөвлөлийн (ICMM) Бодлого, засгийн газрын асуудал хариуцсан захирал Жон Линдберг: Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхэд Оюу толгой маш зөв зам дээрээ явж байна гэж харж байна. Өнөөдөр миний харснаар усны асуудал нэг номерт байна. Говийн бүсэд ус бол хамгийн чухал нөөц шүү дээ. Үүнийг зөв зохистой ашиглах нь зүйтэй. Оюу толгойн уурхайн усны хэрэглээ ариг гамтай, сайн байгаа юм байна. Гэхдээ үүнд сэтгэл ханаж болохгүй. Цаашид илүү төгөлдөржүүлэх ажил хийгээсэй гэж хүсэж байна. Эдгээрээс гадна газрын ховор элементийн олборлолт дэлхий даяар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор хоёр асуудлыг яръя. Нэгдүгээрт ажиллах хүч. Хоёрдугаарт хариуцлагатай уул уурхай. Үүнд орон нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, төр засгаас үүнийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр төр засаг болон компаниудын хоорондын итгэлцэл нэмэгдэх юм. Үүнийг дагаад олон улсын хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл үлдээх