Бороотой өдөр яагаад "эмордог" вэ

Ц.Чимэдцэеэ
2026-07-08

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 2026 оны 07-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +16 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бороотой өдөр яагаад "эмордог" вэ

Бороо орсон, тэнгэр бүрхэг өдрүүдэд хүний сэтгэл санаа дагаад манарах, эрч хүчгүй болох эсвэл өөрийн мэдэлгүй гуниглаж, "эмордог" уу? Хэрэв тийм бол энэ нь зөвхөн танд тохиолддог зүйл биш бөгөөд цаанаа шинжлэх ухааны маш тодорхой үндэслэлтэй ажээ.

Цаг агаар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг дараах 3 гол хүчин зүйлээр тайлбарладаг байна.

1. "Аз жаргалын гормон" дутагдаж, "нойрны гормон" ихэсдэг

Нарны гэрэл багасах нь бидний бие махбодийн био хэмнэлийг шууд өөрчилдөг.

  • Серотонины дутагдал: Нарны туяа хангалтгүй байснаар тархинд "аз жаргалын гормон" гэгддэг серотонины хэмжээ буурдаг. Энэ нь хүнийг шалтгаангүйгээр гуниглах, сэтгэл санаа тогтворгүй болоход нөлөөлдөг байна.

  • Мелатонины ихсэлт: Тэнгэр бүрхэг, харанхуй орчинд тархи "унтах цаг боллоо" гэж хүлээн авч, нойрны гормон болох мелатониныг ихээр ялгаруулж эхэлдэг. Үүнээс болж бие суларч, залхуу хүрч, бодлогширсон төлөвт шилждэг байна.

2. Борооны чимээ буюу "Цагаан шуугиан"-ы нууц

Борооны дусал дуслах тогтмол, жигд чимээ нь шинжлэх ухаанд "цагаан шуугиан" (white noise) гэж нэрлэгддэг. Энэхүү чимээ нь хүний тархины хэт идэвхтэй долгионуудыг тайвшруулж, стрессийг бууруулах увьдастай. Улмаар хүн гадны шуугианаас тусгаарлагдаж, өөрийн мэдэлгүй дотогшоо чиглэсэн гүн бодолд автдаг байна.

3. Бие махбодийн хариу үйлдэл

Бороо орохын өмнө болон бороотой үед агаарын даралт өөрчлөгдөж, чийгшил эрс ихэсдэг. Энэхүү байгалийн өөрчлөлт нь зарим хүмүүст үе мөч өвдөх, толгой хүндрэх, даралт тогтворгүйжих зэрэг биеийн таагүй байдлыг үүсгэдэг байна. Бие махбодийн энэхүү тухгүй байдал нь сэтгэл зүйд шууд нөлөөлж, идэвхгүй, уйтгартай мэдрэмж төрүүлдэг аж.

Бороотой өдөр "эморно" гэдэг нь муу зүйл биш. Тархи, бие махбодь түр амсхийж, өөрийгөө сонсохыг хүсэж буй байгалийн дохио юм. Тиймээс энэ өдрийг дуртай кофегоо уух, ном унших, хөгжим сонсох эсвэл зүгээр л юу ч хийхгүй амарч, өөртөө цаг гаргах ухаалаг боломж болгон ашиглаарай.

Редакцийн зүгээс санал болгох шүлэг

Дараах шүлгийг зохиогч нь үл мэдэгдэх номын хуудсаас санаандгүй олж харсан ба шүлгийн бүтэц нь уламжлалт монгол ардын богино дууны хэлбэрээр "яанам бэ", "яанам билээ" гэх мэт төгсгөлүүд бичигдсэн байна. Мөн "ханш", "данги", "оргуулах", "журам"зэрэг үгс нь хуучны уламжлалт ярианы болон бичгийн хэлний хэрэглээг тод харуулдаг.

Шүлэгт дурлалт бүсгүйгээ "оргуулаад одвол яанам бэ", "хуримгүй хоцорвол яанам бэ" гэж өгүүлж буй нь хуучин цагийн хамжлагат ёс, эцгийн эрхт ёсны үеийн гэрлэлтийн зан үйлийг илтгэнэ. Тэр үед дурлалт хосууд өөрсдөө шийдэж суух боломжгүй байснаас бүсгүйгээ хулгайлах, дагуулан оргох явдал элбэг байсан бөгөөд энэ нь ардын дуу шүлгийн гол сэдэв болдог байв. 

Хангайн цагаан бороо" хэмээх энэхүү шүлэг нь хэл найруулга, агуулга болон хэрэглэгдсэн үг хэллэгийн хувьд XX зууны эхэн үе буюу Богд хаант Монгол Улсын үеэс (1910-1920-од он) БНМАУ-ын эхэн үеийн (1920-1930-аад он) хооронд хамаарах магадлал хамгийн өндөр байна.

ХАНГАЙН ЦАГААН БОРОО

Хангайн цагаан бороо

Хацар норгох нь ч яах вэ

Ханшийг нь мэдээгүй амраг

Дангий нь дуудвал яанам бэ!

Орхоны цагаан бороо

Орой руу нь цутгах нь яах вэ

Орчлонгийн чимэгт хүүхнийг нь

Оргуулаад одвол яанам бэ!

Мөрөн цутгалангийн ус нь

Үүлнээс асгарах яах вэ

Мөрөөдөж дассан сэтгэл нь

Хуримгүй хоцорвол яанам бэ!

Оломгүй далайн ус нь

Огторгуйд нүүх нь ч яах вэ.

... хайрын журам нь

... чамлагдвал яанам билээ!

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe