“Авлига хороолол” гэх Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайваны гүүрний зүүн тал, Дунд голын ай сав газарт баригдсан Акуа гарден орон сууцны хороолын хоёр блоктой холбогдох асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдлээ.
Тус хэрэгт Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хариуцагчаар татагдаад байсан юм.
Харин нэхэмжлэгчээр нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөллөөр Онч нүүдэл ТББ ажиллаж байгаа. Тэдний мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.
Дээрх асуудал НЗД асан Д.Сумъяабазар 2022 оны 12 дугаар сарын 11-нд А\17 тоот захирамжаар тус хорооллыг барьсан Эм энд Жи констракшн ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” хэмээн өөрчилсөнтэй холбогдох маргаан юм.
Нийтийн эрх ашгийг хамгаалан оролцсон Онч нүүдэл ТББ-ын Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир "Товчхондоо “Эм энд Жи констракшн”ХХК-д 3 нэгж талбар бүхий газар олгосноос “Aqua gerden”-ийн барилга баригдсан газрын хэсгийг хэрэгсэхгүй болгож, төслийн дараагийн ээлжийн барилга баригдахаар төлөвлөсөн 2 газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийн хүчингүй болгож шийдвэрлэлээ" хэмээн шийдвэрийн агуулгыг тайлбарлажээ.
Авлигын бэлгэ тэмдэг хэмээн сүндэрлэсэн "Акуа гарден" баригдсан хэвээр үлдэж, харин тус компанийн дараагийн хоёр төслийн зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Сэтгэгдэл үлдээх