Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар болон хууль санаачлагчдын мэдээллээр дараах өөрчлөлтүүд орж, энэ сарын 1-ээс бүх нийтээр дагаж мөрдөх ёстой байв.
Гэсэн ч байсангүй буюу батлагдсанаас хойш сар орчим, хууль тогтоогчдын тодорхойлсноор хэрэгжих өнгөрөөд 9 хонож байгаа ч хууль хэрэгжээгүй, тэр ч байтугай legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа ч тусгагдаагүй байна.
Хууль батлаад л бүх зүйл шийдэгдчихдэг мэт амсхийх хууль тогтоогчид болон түүнийг нь газар дээр нь ажил хэрэг болгох үүрэгтэй гүйцэтгэх засаглалынхан иргэдийн төрд итгэх итгэл, засаглалын үзүүлэлтийг энэ мэтээр хойш татсаар байна.
"Амьгүй" хуулиуд ба хариуцлагаас зугтагсад
Хууль хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь түүнийг хянах, зохион байгуулах үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын хариуцлагагүй, хоорондын уялдаа холбоогүй байдал юм. Жишээлбэл:
Хяналтын сул тогтолцоо: Тээврийн хэрэгслийн бүртгэл, сургалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон бүртгэлийн байгууллагууд хангалттай шахалт, хяналт тавьж чадахгүй байна.
Хуулийг сурталчлах, бэлтгэл хангах ажил орхигддог: Хууль батлагдмагц иргэдэд зөв таниулах, сургах, шаардлагатай дэд бүтцийг (жишээ нь, тусгайлсан зогсоол, бүртгэлийн нэгдсэн сан) бүрдүүлэх чиглэлээр салбарын яамд болон агентлагууд хэтэрхий хойрго хөдөлдөг.
Баталсан хуулиа амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа гүйцэтгэх засаглалын байгууллагууд, агентлагийн удирдлагууд нь ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл бөгөөд тэдэнд хариуцлага тооцдог механизм ч алга.
Хэрэгждэггүй хууль байснаас байгаагүй нь дээр
Хууль зөвхөн цаасан дээр үлдэж, хэрэгжихгүй орхигдох нь ардчилсан засаглалын суурийг ганхуулдаг хортой үзэгдэл.
Иргэд хууль зөрчөөд зүгээр өнгөрч болдгийг, эсвэл төр өөрөө баталсан хуулиа хянах чадваргүйг хараад хуулийг хүндэтгэхээ больдог. Энэ нь нийгэмд "Хуулийг биелүүлэх албагүй" гэсэн анархист сэтгэхүйг суулгаж байна.
Б.Батчимэг тэргүүтэй гишүүд санаачилж, Г.Уянгахишиг тэргүүтэй гишүүд ажлын хэсэг байгуулан нягтруулсан гэх тус хуулийг зарим иргэн явган замын хөдөлгөөний замбараагүй байдал, явган зорчигчид эрүүл мэндээр хохирох эрсдэл зэргийг зохицууллаа хэмээн сайшаалтай хүлээн авч байв.
Гэсэн хэдий ч зохицуулалтын гол зүйл болсон скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгсэл бол түгжрэлийн гамшигт нэрвэгдсэн Улаанбаатар хотыг ганц улирал ч болов асуудлаас нь салгах шийдэл яах аргагүй мөн.
Улаанбаатар хотын 4,7 мянга гару й км.кв нутаг дэвсгэрт 1,7 сая орчим иргэн амьдардаг. Манайхтай адил өндөр нягтралтай, цаг уурын хувьд ч ойролцоо хэр нь түгжрэлээ скүүтер, мопед зэрэг микро тээврээр шийдсэн хот бол Казахстаны Алматы хот.
Алматы хот 2018 оноос эхлэн цахилгаан скүүтер болон унадаг дугуй түрээсийн системийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн. Алматы хотын Тээврийн газрын судалгаагаар, хотын төвд скүүтерийн хөдөлгөөний дундаж хугацаа 12-15 минут буюу дунджаар 3.5 км зай байв.
Энэ зайд урьд нь хүмүүс такси эсвэл хувийн машин унаж замын ачааллыг нэмдэг байсан бол скүүтер рүү шилжсэнээр хотын төвийн богино зайн автомашины хөдөлгөөнийг үр дүнтэйгээр цөөлж чадсан.
Мөн тусгайлсан дугуйн замуудыг богино хугацаанд маш ихээр байгуулж, явган зорчигч болон скүүтер хоорондын мөргөлдөөнийг шийдсэн байна.
Гэтэл манай улсад хувийн салбар дээрх загвараар амжилттай эхлүүлсэн шийдлийг төрөөс хамаарах асуудлаа шийдээгүй хэр нь хязгаарлах зохицуулалт хуульд суулгажээ.
Чухал асуудлаар хуул ь баталсан гэж пиар хийдэг ч амьдрал дээр юу ч өөрчл өгдөхгүй, дээр нь иргэд төрдөө итгэхгүй, биесээ буруутгасан, талцаж хуваагдсан байдлыг л хурцатгаж байна. Итгэл үгүй болсон газар засаглал суларна.
Хууль батлагдсан өдөр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамж нийслэлийн удирлагууд хууль хэрэгжихэд шаардлагатай дэд бүтцээ шийдэх хүртэл автозамын нэгдүгээр эгнээг дээрх мини тээврийн хэрэгсэл болон нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх түр зохицуулалт санал болгосон ч бас л хэрэгжсэнгүй.
Сэтгэгдэл үлдээх