Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш өнөөдөр (долдугаар сарын найман) анх удаа тоглолтгүй өдөр таарсан тул Атлантагаас Сан Франциско нисэн гэртээ урьд шөнө ирлээ. Өнгөрсөн хугацаанд 20 тоглолт дээр очиж, 30 гаруй нислэг хийжээ. Тоймоо бичих, унтах, амрахыг онгоцноос онгоцонд суухдаа л амжуулж байна.
Энэ бүхнийг олон гоё түүхэн тоглолт, хөлбөмбөгийн домгууд, одуудыг харж, дахин хэзээ ч харахгүй агшингийн гэрч болж буй болохоор, тэр бүгдийг Таньд хүргэх гэж буй зорилго маань урагшлуулж байгаа.
БЕЛЬГИ-АНУ 4:1
АНУ-ын ерөнхийлөгч Трамп ФИФА руу утас цохин , улаан картны торгуулийг аргалсан ч хөлбөмбөгчид нь "Улаан чөтгөрүүд"-ийг аргалж дөнгөсөнгүй. Мэдээж ФИФА-ийн сахилгын комисс улс төрийн нөлөө, дарамт шахалтаар хөлбөмбөгийн ДАШИ-ий түүхэнд байгаагүй шийдвэр гаргасан нь шившигтэй. Үүнд дургүйцсэн маш олон хөлбөмбөг сонирхогчид Бельгийн "Улаан чөтгөрүүдийг" дэмжсэн.
Хөлбөмбөгийн ногоон талбай шударга тэмцлийн талбар байх ёстойг энэ тоглолт, Бельгийн илт ялалт баталлаа.
Трамп "агаа" багтаа тус биш ус хийлээ дээ. Хохирогч нь АНУ-ын шигшээ, хэлмэгдэгч нь Фоларин Балоган боллоо доо.
Бельгийн Лукаку энэ ДАШТ-д гурван удаа талбайд сэлгээгээр ороод гурвууланд нь гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо.
ШВЕЙЦАРЬ -КОЛУМБ 0:0 ( т.ц. 4:3)
Хэт цэнэсэн , аль аль нь довтлох, гоол хийх оролдлого хийхээс илүү өөрсдөө алдаа гаргахгүй, өрсөлдөгчийнхөө алдааг хүлээсэн иймэрхүү тоглолт хасагдах шатанд элбэг тохиолддог. Ялангуяа хүч тэнцүү хоёр баг. Испани-Португалыг ч иймэрхүү тоглолтод тооцож болно.
Ингээд үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цувралаар ялагчийг тодруулахад Колумбын Санчесийн цохилт хөндлөвч онож, Эрнандес цохилтоо хаалгав.
Швейцарь яагаад ч юм Аканжигаар пенальти цохиулах юм. 2020, 2024 оны Евро гээд хоёр ч том тэмцээнд "пенальти" алдсан хүн шүү дээ. Энэ удаа ч Аканжи хаалгаа ч оносонгүй.
Харин Швейцарийн бусад нь алдаа гаргасангүй ээ.
Швейцарь шөвгийн наймд 72 жилийн дараа дахин шалгарч байна.
Тэртээх 1954 онд нутагтаа болсон ДАШТ-д шөвгийн наймд шалгарч байсан түүхтэй.
Колумбын хувьд нэмэлт цагт гарсан боломжоо ашиглаж чадсан бол Хаместайгаа хамт түүх бичих байлаа, харамсалтай.
Хамес Родригес гээд бас нэгэн супер тоглогч, ганган найруулагчийн бас л сүүлийн ДАШТ болох шиг боллоо доо.
АРГЕНТИН-ЕГИПЕТ 3:2
Дахиад л Месси, ахиад л Месси. Алдлаа Месси, Аварлаа Месси, Аргентинийг.
Египет бол гайхалтай байлаа. 2:0 -ээр хожиж( + 1 гоолыг нь тооцоогүй) явсан 78 дахь минутад. Яаж ийгээд л 12 мин( дээр нь шүүгчийн мэдлийн 5-6 мин) тэссэн бол жинхэнэ сенсаац тарьж, жинхэнэ түүх бичих байлаа ш дээ.
Аргентинийг, Мессиг ёстой л нөгөө хөлбөмбөгийн "бурхан" нь харж үзээд байх шиг ээ.
Дээр тэд үнэхээр зүрх сэтгэлээсээ тоглож, "амиа тавьж" байгаа гайхалтай. Ийм багийг хожиход хэцүү л дээ.
Мэдээж бас шүүгчийн шийдвэрийг шударга бус, Аргентинд, Мессид тал зассан, ФИФА-д мөнгө, Месси хэрэгтэй гэсэн шүүмжлэлүүд гарч байгаа.
Гэхдээ ямар ч байсан л гайхамшигт нэгэн тоглолт үзэж, яагаад хөлбөмбөгт дуртай байдгаа мэдэрлээ дээ, та бид.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Гэрэл зургийг Ч.Ганбат Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA Ganbat Chuluunbaatar
Сэтгэгдэл үлдээх