БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд 21 баримт бичигт гарын үсэг зурсан.
Эндээс хамгийн анхаарал татаж байгаа нь “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд "Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллах"-аар боллоо.
Мөн Монгол-Солонгосын бизнесийн форумд үг хэлэхдээ, БНСУ-ын ерөнхийлөгч хоёр улс жижиглэн худалдаа, хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна хамтын ажиллагааг өргөжүүлснээр хамтын өсөлтийн илүү олон загварыг бий болгох боломжтой гэсэн бөгөөд "чухал ашигт малтмал"-ын нийлүүлэлтийн сүлжээний найдвартай түншүүдийн хувьд хүчээ нэгтгэхийг уриалсан.
Эндээс дүгнэхэд, БНСУ Монгол Улсын байгалийн баялаг, тэр дунд чухал ач холбогдолтой ашиг малтмалыг ихэд сонирхож байгаа нь илт байна. Энэ сонирхол нь АНУ-Хятадын худалдааны дайнаас үүдэлтэйгээр БНХАУ-аас зүгээс газрын ховор элементийн экспортоо хориг тавьж эхэлсэнтэй холбоотой.
Худалдааны дайнаас ч өмнө БНХАУ-ын нийлүүлэлттэй холбоотой эмзэг байдлаас сэргийлэх зорилгоор АНУ болон түүний холбоотон, түншүүдийн санаачилгаар “Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл”-ийг 2022 оны 6 дугаар сард байгуулсан.
Үүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын хүрээнд, Монгол Улс, БНСУ, АНУ-ын чухал ач холбогдолтой ашигт малтмалын гурван талт анхдугаар уулзалт 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо болж байсан түүхтэй. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д 2023 онд хийсэн айлчлалын үеэр, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтож байсан.
Эх сурвалж: ОУ судлаач Л.Бямбаханд
Сэтгэгдэл үлдээх