БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён гэргий Ким Хэ Гён-ий хамт Пүрэв гарагт Улаанбаатар хот дахь "Сөүлийн гудамж"-аар зочилж, нутгийн иргэдтэй уулзан, солонгос хоол зооглолоо.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд хэвлэлийн төлөөлөгч Ан Гви Рён-ий бичгээр гаргасан мэдээлэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Ли-г хүрэлцэн ирэхэд цугларсан иргэд "Аннёнхасэё" (Сайн байна уу), "Бангапсымнида" (Уулзсандаа баяртай байна) хэмээн солонгосоор мэндчилсэн байна. Ерөнхийлөгч Ли ч мөн хариу мэндчилж, иргэдтэй гар барин, алга ташин мэндчилжээ.
Сөүл, Улаанбаатар хотуудын хооронд 1995 онд тогтоосон ах дүүсийн харилцааг дурсах зорилгоор "Сөүлийн гудамж"-ийг байгуулж байсан түүхтэй. Энэхүү гудамжинд Солонгосын брэндүүд болон ресторанууд байрлахаас гадна Солонгосын уламжлалт павильон (Сөүл жон) сүндэрлэдэг.
Ерөнхийлөгч Ли, Тэргүүн хатагтай Ким нар зочлох үеэрээ гудамжны хоолны мухлагаар саатаж, солонгос үндэсний гудамжны хоол болох кимбаб, ттокбукки, манду (солонгос банш) зэргийг амтархан зооглосон байна.
Үүний дараа Ерөнхийлөгч Ли "Сөүлийн гудамж" дахь монгол эзэнтэй "Корэбул" солонгос ресторанд оройн хоол зооглосноор айлчлалаа өндөрлүүлэв. Тэд оройн хоолондоо дубү-кимчи (шарсан кимчи, гахайн махтай дүпү), шарсан макрель загас болон бибимбаб зэргийг зоогложээ.
Хэвлэлийн төлөөлөгч Ан "Ерөнхийлөгч ийнхүү гэнэтийн зочилсон нь БНСУ болон Монгол Улсын хоорондын олон жилийн түүхтэй хэлхээ холбоог гэрчлэх, улмаар Монголын ард түмэнтэй шууд харилцах замаар нөхөрлөл, харилцан итгэлцлийг улам бүр бэхжүүлэх боломжийг олгосон үйл явдал боллоо" хэмээн онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: The Korea Herald
Сэтгэгдэл үлдээх