Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар “ногоон автобусны” гэх хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотолно гэв.
Тэрээр “Надад холбогдох хэрэг шүүхэд шилжсэ, танилцуулагдаж байна. Эхэндээ би гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн ч яваандаа яллагдагчаар мэдүүлэг өгөх болсон.
Нийт 100 автобус оруулж ирснээс эхлээд 20 дараа 80 орж ирсэн. Ингээд автобуснуудыг Сүхбаатарын талбай дээр гаргаж олон нийтэд танилцуулсан. Хэрвээ асуудалтай гэдгийг нь мэдсэн бол танилцуулахгүй, өөр арга хэмжээ авах байсан. Одоо намайг эхний 20 автобус орж ирэх үед хууль бусаар үүрэг даалгавар өгч, нөлөөлсөн гэж яллаж байгаа юм. Гэхдээ энд нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт нэг том албан тушаалтныг холбох ёстой болсон. Тэр нь би болж таарч байна. Би хууль бус зүйл хийгээгүй учраас гэм буруугүй гэдгээ нотолно.
Автобуснуудад капитал засвар хийгдсэн гэдэг нь тогтоогдоогүй, баримт байхгүй. Шинжээчийн хэлснээр бол тус 20 автобус нь 2023 онд үйлдвэрлэгдсэн байна. Зарим зүйл дээр дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн. Шинэ автобус байсан уу, хуучин автобус байсан уу гэдэг нь шүүх дээр тогтоогдоно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн тэрээр удахгүй бол “ногоон автобусны” гэх хэргийн сонсголд гэрчээр дуудагдвал оролцоно гэдгээ мэдэгдлээ.
Бэлтгэсэн: А.Марал-Од
Сэтгэгдэл үлдээх