Үндэсний их баяр наадам ямар учиртай вэ

Ц.Чимэдцэеэ
2026-07-11

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр нээлээ.

Тэгвэл бидний жил бүр ийнхүү тэмдэглэн өнгөрүүлдэг таван ой ямар учиртай болохыг эргэн санацгаая.

1. Тулгар төрийн 2235 жилийн ой

Монгол нутаг дахь төрт ёсны эхлэлийг Хүннү гүрнээс тоолж буй хэрэг.

Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 онд Модун шаньюй Хүннүгийн аймгуудыг нэгтгэж, Хүннү гүрнийг байгуулсан.

Монголчууд бид  зөвхөн дундад зууны үед гэнэт гарч ирсэн үндэстэн биш, 2200 гаруй жилийн төрт ёсны гүн гүнзгий түүхтэй, Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийг түүчээлэгч ард түмэн гэдгийг дэлхий дахинд батлан харуулдаг. Хүннү гүрэн нь төр удирдах ёс, цэргийн зохион байгуулалт болох аравтын системийн үндсийг тавьсан юм.

Анх 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж "Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх тухай" зарлиг гаргаснаар энэхүү түүхэн тооллыг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.

2025 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор оруулсан.

2. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой

Монгол туургатныг нэгтгэж, дэлхийн түүхийн тавцанд хамгийн том гүрнийг байгуулсан үе.

1206 оны барс жил Онон мөрний эхэнд хуралдсан Их Хуралдайгаар Тэмүүжинийг бүх Монголын хаанд өргөмжилж, "Чингис хаан" цол олгосноор Их Монгол Улс байгуулагдсан.

Тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэж, цус урссан тэмцлийг зогсоосон. "Их Засаг" хуулийг мөрдүүлж, худалдаа, дипломат харилцааг дэлхийн хэмжээнд хөгжүүлсэн нь өдгөө Монгол Улсын газар нутаг, үндэстний ижилслийн тулгуур багана болсон юм.

2006 онд Чингис хаан Их Монгол Улс байгуулсны 800 жилийн тэгш ой тохиосон. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас тусгайлан шийдвэр гаргаж, улс орон даяар маш өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд тэмдэглэсэн. Улмаар баяр наадмыг зөвхөн "Ардын хувьсгалын ой" гэхгүй, "Их Монгол Улс байгуулагдсаны ой"-той хамтатган нэрлэж, тэмдэглэдэг жишиг тогтсон.

3. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жилийн ой

Монголчууд Манж Чин гүрний 200 гаруй жилийн дарлалаас салж, бие даасан улс болсноо тунхагласан түүхэн өдөр.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Хүрээний ноёд, лам нар болон эх орончдын удирдлагаар Манжийн амбаныг хөөн гаргаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжлөн, тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг байгуулсан.

Энэ үйл явдал нь XX зууны Монголын сэргэн мандалтын эхлэл байв. Хаант улсаа байгуулж, таван яам бүхий Засгийн газрыг эмхлэн байгуулснаар дараа дараагийн олон улсын тавцанд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх тэмцлийн суурь тавигдсан.

2025 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор оруулсан.

4. Ардын хувьсгалын 105 жилийн ой

Монгол улс бүрэн тусгаар тогтнолоо бататгаж, орчин үеийн хөгжлийн замд орсон үе шат.

1921 онд Д.Сүхбаатар нарын удирдсан Ардын журамт цэрэг Хятадын гамин цэрэг болон Барон Унгерний цагаантнуудыг үлдэн хөөж, 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл Хүрээнд Ардын засгийн газрыг байгуулсан.

Хаант болон колоничлогчдын дарамтыг эцэс болгож, улс орноо шинэчлэх замаар дэлхийн бусад улсуудтай хөл нийлүүлэн алхах эхлэлийг тавьсан. Үүний үр дүнд боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт үсрэнгүй хөгжил ирж, 1961 онд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж чадсан юм.

1922 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 1 жилийн ойг цэргийн жагсаал хийж, анх удаа албан ёсоор тэмдэглэжээ. Тухайн үед үүнийг "Шинэ засаг байгуулагдсаны баяр" хэмээн нэрлэж байв.

5. Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой

Нийгмийн тогтолцоог тайван замаар өөрчилж, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг сонгосон шинэ цагийн түүх.

1989 оны сүүл, 1990 оны эхээр МоАХ (Монголын Ардчилсан Холбоо) тэргүүтэй улс төрийн шинэ хүчнүүд жагсаал цуглаан зохион байгуулж, 1990 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор ардчилсан өөрчлөлт эхэлсэн.

 Монголчууд нэг намын дарангуйллаас салж, олон намын тогтолцоо, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэх, эс шүтэх, хувийн өмчтэй байх зэрэг хүний суурь эрхүүдийг баталгаажуулсан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар өнөөгийн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн суурийг бүрэн тавьсан билээ.

2025 онд Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор оруулсан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe