Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

.Graph
2026-07-11

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.07.11/ Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай штабт ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газарт 14:00 цагийн байдлаар 32 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухай бүрт нь хариу арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Өнөөдөр үүрээр орж эхэлсэн бороо 2 цаг орчим үргэлжилж, нийслэлийн таван байршилд хүндрэл үүссэнийг онцгой байдлын алба хаагчид шуурхай хариу арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулсан байна.

Нийт бие бүрэлдэхүүний 84.4 хувь, 60 гаруй техник хэрэгсэлтэй өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар наадмын өдрүүдэд ажиллаж байгаа юм.

Мөн Туул голын ай сав дагуу 8 байршилд завьт эргүүл ажиллаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. ЦУОШГ-ын мэдээлснээр маргааш, нөгөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас Ус сувгийн удирдах газар, Геодизи усны барилга байгууламжийн газар ЦУОШГ, НОБГ болон бусад холбогдох байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллаж байна гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, үер усны эрсдэлтэй байршлуудад тавих хяналтыг сайжруулах, инженерийн байгууламжуудын бэлэн байдлыг хангах, эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг хүсэв.

НОБГ-аас иргэдийг цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүлээн авч, үерийн далан, суваг шуудууны ойролцоо зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe