1200 метр ус зайлуулах шугам нэг цагийн борооны усыг даасангүй

Ц.Чимэдцэеэ
2026-07-11

Жуулчид хөл нүцгэн алхав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай усаар дүүрлээ. Энэ үеэр жуулчид хөл нүцгэн ус гаталсан дүр зураг олон нийтийг цочроов.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өглөөний бороо 11.00-12.00 цагийн хооронд ганцхан цаг үргэлжилсэн ба "бага зэргийн шиврээ бороо" хэмээн тодорхойлогджээ.

1200 метр ус зайлуулах шугам хангалтгүй байв уу

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна талбайд иж бүрэн засвар, тохижилтын ажил хийгдсэн талаар албаныхан, тэр дундаа тус компанийн Гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан бахдалтайгаар мэдээлж байсан нь 2024 он.

Тэд "Геодези усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарч, ажлын явц 95 гаруй хувьтай үргэлжилж байна хэмээн онцолж байсан юм.

Үүнээс гадна орчны гэрэлтүүлэг сайжруулах, ногоон байгууламж нэмэх, камержуулалт нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийсэн гэж байв.

Гэвч өнөөдөр орсон бэсрэгхэн борооны аясаар цэнгэлдэх орчмын зам талбай усан далай болсон нь уг ус зайлуулах шугам бодит байдал дээр шаардлага хангаагүй, эсвэл зүгээр л "цаасан дээрх" ажил байсныг батлан харууллаа.

Төсөв мөнгө нь яагаа вэ

Хэдий хэмжээний мөнгө ийнхүү үргүй зарлагадаад буйг тухайн ажлын гүйцэтгэгч "Геодези усны барилга байгууламжийн газар"-ын 2024 оны төсөв, гүйцэтгэл, санхүүгийн тайлангаас харах гэтэл шилэн дансанд холбогдох мэдээлэл нь хоосон, албан ёсны цахим хуудас (веб сайт) нь ажиллагаагүй байдалтай байна.

Тухайн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн завсар, үйлчилгээний ажлыг улс нийслэлийн төсвөөс мөнгө гаргалгүйгээр компанийн цэвэр компанийн орлогоор гүйцэтгэж байгаа хэмээн тухайн үеийн удирдлага Ж.Энхжаргалан мэдээлсэн нь бий ч зарлага л бол зарлага. Энэ мэтээр үр дүнгүй ажилд хэрхэн, хэдэн төгрөг зарцуулж буйг далдлаад өнгөрч болохгүй. Ажил эхлэхдээ ийм сайхан ажил хийж байна гэдгээ чангаар зарладаг шигээ дууссаных нь дараа ийм үр дүн гарлаа гэдгээ ч нүүр бардам харуулчихдаг баймаар.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe