Тайванийн Үндэсний ордон музей шинэ үзэсгэлэндээ Чингис хааны хөргийг дэлгэлээ

Ц.Чимэдцэеэ
2026-07-12

Тайванийн Үндэсний ордон музей (NPM) өөрийн цуглуулгад байдаг Их Эзэн Чингис хааны хөрөг зургийг 13 жилийн дараа анх удаа шинэ үзэсгэлэнгээрээ дэлгэжээ.

Үндэсний ордон музейн захирал Сяо Зун-хуан (蕭宗煌) хэлэхдээ, уг хөрөг нь Чингис хааны хамгийн алдартай, түүхэн дүр төрхүүдийн нэг бөгөөд Монголын түүхэн санах ой, үндэсний соёлыг холбосон чухал бэлгэдэл болдог гэдгийг онцолжээ.

Энэхүү бүтээл нь "Спорт ба ур чадвар: Уран зураг, уран бичлэг дэх биеийн тамирын хөдөлгөөн ба гүйцэтгэл" хэмээх үзэсгэлэнгийн нэг хэсэг болох бөгөөд уг үзэсгэлэнд мөн Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны говь цөлд ан ав хийж буйг харуулсан "Хубилай хааны ан ав" зураг хамт дэлгэгдэх аж.

Даваа гарагт(2026.07.06) Тайпэй дэх Улаанбаатар хотын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас Үндэсний ордон музейд Чингис хааны хөрөг зурагт хүндэтгэл үзүүлэх, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд Тайпэй дэх Улаанбаатар хотын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дарга Төмөрбаатарын Ганхуяг, музейн захирал Сяо Зун-хуан, Тайванийн Гадаад хэргийн яамны Баруун Ази, Африкийн газрын ерөнхий захирал Ен Чиа-лян (顏嘉良) нар оролцов.

Т.Ганхуяг дарга хэлэхдээ, Чингис хаан бол Монголын түүхэн санах ойн салшгүй нэгэн хэсэг бөгөөд дэлхийн түүх, соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тул музейн зүгээс энэхүү хөргийг дэлгэн үзүүлж байгаад маш их ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Захирал Сяо тэмдэглэхдээ, тус музей нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Богд хааны ордон музей, Чингис хаан үндэсний музейтэй идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид эдгээр хэлхээ холбоогоо улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.

Уг үзэсгэлэн 7-р сарын 10-ны баасан гарагаас эхлэн 9-р сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Focus Taiwan

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe