Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захирал Чю Дониу нар Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Орос, Монгол Улс найрсаг, сайн хөршийн харилцаатай. Бүх салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ололт амжилт, Монголын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе”

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп: “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Би Америкийн ард түмний хамт Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.
40 жилтэй золгож буй АНУ, Монгол Улсын түншлэл манай хоёр улсад урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Энэ оны эхэнд Мянганы сорилтын корпорацын Усны компакт товлосон хугацаандаа баталсан төсвийн дагуу амжилттай хэрэгжлээ. Энэ хамтарсан санаачилгад Таны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэгт талархал илэрхийлж байна. Уг төсөл нь миний анхны бүрэн эрхийн үед шаваа тавьж байсан бол одоо Улаанбаатар хотын иргэдийг найдвартай усаар хангах дэд бүтэц болжээ. Энэ ололт амжилт нь манай хоёр улс хамтарч ажиллавал юунд ч хүрч чадахын илэрхийлэл боллоо.
АНУ, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл үргэлжлэн гүнзгийрсээр байгаад баяртай байна. Бид Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын манлайлал, “Энхийн зөвлөл”-д Танай улсын үндэслэгч гишүүний хувиар гүйцэтгэж буй үүрэг зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэрт талархаж байна.
Ирэх жилүүдэд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг тэлж, манай хоёр улсын цаашдын энх тайван, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд тустай эрчим хүчний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхдээ баяртай байх болно.
Монголын ард түмэн амар тайван, сайхан наадаарай”

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захирал Чю Дониу: “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе. Танай ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлт ерөөе”
Сэтгэгдэл үлдээх