Б.Орхонбаяр 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлж, Монгол Улсын Даян Аварга цол хүртлээ

Ц.Чимэдцэеэ
2026-07-12

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаан уран мэх, бяр чадлын гайхамшгийг харуулсаар өндөрлөлөө.

Түүхэн тэгш ойн энэхүү наадамд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр арав даван босоо түрүүлж, Монгол Улсын Даян Аварга цолны болзол хангалаа.

Б.Орхонбаяр нь 2019 оны наадамд 21-хэн насандаа улсын начин болж, тухайн жилийнхээ хамгийн залуу шөвгөрөгчөөр тодорч байсан бөгөөд улмаар 2022 оны 1024 бөхийн барилдаанд анх удаа үзүүрлэн Улсын арслан цолыг хүртэж байсан түүхтэй. Хурд, шалмаг дайчин барилдаан, жудаг уламжлалаараа наадамчин олны хайрыг татсан тэр ийнхүү төрийн наадмын түрүү бөхөөр анх удаа тодорлоо.

Үзүүр, түрүүний шийдвэрлэх арвын давааны барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийг өвдөг шороодуулсан юм.

Б.Бат-Өлзий Монгол Улсын Арслан цолтноор нэрээ дансаллаа. Тэр заал, танхимын барилдаанд хамгийн олон түрүүлсэн, асар их туршлагатай, барьццнаас уран гоё мэх угсран хийдэг монгол бөхийн тод төлөөлөл билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe