Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаас жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” (World Horse Day) болгон албан ёсоор баталсан билээ.
Энэхүү түүхэн шийдвэрийн дагуу “Дэлхийн адууны өдөр-2026” олон улсын баяр, соёл урлагийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Хүй долоон худагт анх удаа олон улсын хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх болсон нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжил, соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг дэлхийн 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс энэхүү түүхэн үйл явдлын гол төв цэг нь болон зохион байгуулж байна.
Баярын үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс морин холбоод, төрийн байгууллага, соёлын элч төлөөлөгчид, нөлөөлөгчид болон мэргэжилтнүүд хуран чуулж байна.
Арга хэмжээний албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Баярын хамгийн сүрлэг хэсэг болох "Түмэн морины парад"-д 12,600 морьтон бэлтгэлээ хангаж оролцсон бөгөөд уг жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө тэргүүлэн оролцсон байна. Мөн олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэхээр "Physical: Asia" шоуны оролцогчид урилгаар хүрэлцэн иржээ.
Хүй долоон худагт үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн олон талт үйл ажиллагаанууд үргэлжилж байна.
Үүний хүрээнд Монголын Үндэсний музей-н "Уламжлалт өв, соёлын өргөө" Хүй долоон худагт засагдаж, наадамчин олон болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд монгол адууны түүх, өв соёлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээллийг enaadam.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх