Залуу даян аваргын хадганд боосон эрдэнэ шиг эхнэрийг тойрсон хэл ам ба тайлбар

Ц.Чимэдцэеэ
2026-07-14

Энэ жилийн наадмын түрүү Даян аварга Баярсайханны Орхонбаяр эхнэрийнхээ зургийг нийтэд дэлгэснээр түүнийг тойрсон “нүүрсний” гэх асуудал хөндөгдөж эхэллээ. Ш.Мөнхцэцэг Ховд аймгийн Үенч суманд төрсөн. "Холын цэнхэр Үенч" клубын ТУЗ-ийн дарга. “Үенч MJO” багийн эзэн. 2016 оноос хойш байгуулагдсан дөрвөн компани, нэг сантай холбогддог.

Түүний хамаарал бүхий компани, сан

Мөнх цаст холдинг ХХК: 2017 онд байгуулагдсан. Нүүрс тэээврийн 5 тендерт шалгарч байсан туршлагатай. Одоогоор 100 хувь түүний эгч Ш.Мөнхзаяагийн эзэмшил.

Эм Жи Өү транс ХХК: 2016 онд байгуулагдсан. Нүүрс тээврийн гурван тендерт шалгарсан туршлагатай. 2021-2022 онд Үенч ЕБС-д 5 сая төгрөгийн хандив өгсөн, түүний харьяаллын “Үенч MJO” волейболын баг амжилт гаргасан, Үенч суманд хандив өгсөн зэрэг мэдээнд МЖО ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Мөнхцэцэг хэмээн дурдагддаг байсан. Одоогоор тус компанийн хувьцааг түүний аав Б.Шагдарсүрэн болон гэр бүлийн хамаарал бүхий Мөнхжаргалын Энхриймаа нар эзэмшиж, Гүйцэтгэх захиралаар Цолмонгийн Одонбаяр ажиллаж байна.

Зүүн хөхий ХХК: 2018 онд байгуулагдсан. Нүүрсний гэх сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай холбоотой нэр дурдагдсан. Одоогоор 100 хувь Цолмонгийн Одонбаярын эзэмшил.

Үенч Мөнхжаргал сан: 2019 онд үүсгэн байгуулагдсан. Уг ашгийн бус сангаар дамжуулан волейболын баг ивээн тэтгэх, Үенч суманд хандив өгөх зэргээр сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг. Эгч Ш.Мөнхзаяа болон Цолмонгийн Одонбаярын хамт хувь эзэмшдэг ба өөрөө ТУЗ-ийн даргаар ажилладаг.

Монголиан стандарт девелопмент групп ХХК: 2014 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн онд Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын 60,886,800,000 тендерт шалгарсан. Ш.Мөнхжаргал болон Э.Бадамхүү нарын эзэмшлээс гарч, 2022 оноос хойш 100 хувь Даян аварга Б.Орхонбаяр эзэмшиж байна. Ш.Мөнхцэцэг өөрөө 2025 оноос хойш Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай холбоотой

2023 оны нүүрсний сонсголоор Ш.Адьшаагийн хамаарал бүхий Ш.Мөнхцэцэгийн нэр дээр байгуулсан “Зүүн хөхий” нь 759 тонн,  “Эм Жи Өү” ХХК нь 52 мянган тонн, “Мөнх цаст транс” нь 32 мянган тонныг тус тус хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэх мэдээлэл ил болсон.

Үүнээс урьтан жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зөвлөх буюу Даян аварга Б.Орхонбаярын эхнэрийг чөлөөлсөн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлж байсан билээ.

Үүний хариуд Ш.Адьшаа “Өнөөдөр би Мөнхцэцэг ямар компанитай юм бэ, ямар аж ахуй эрхэлдэг вэ гэдгээр нь зөвлөхөөр томилоогүй. Гадаадад сургууль төгссөн, англи, орос хэлний онцгой орчуулагч хийдэг, шилдэг бүсгүй байгаа. Би хуулийн төсөл боловсруулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авсан" хэмээн хариулж байжээ.

Сэтгүүлчийн өнцөг

Хэл ам, хэрүүл тэмцэл хийхдээ гаргууд бидний цахим ертөнцийн ээлжит бай нь Ш.Мөнхцэцэг гэх шавилхан бүсгүй болоод байна. Гурван жилийн өмнө нэр нь дурдагдсан нүүрсний гэх хэрэг нэг талдаа гарвал гарахаар хугацаа өнгөрсөн. Гэтэл ял шийтгэл хүлээгээгүй, гэмт буруу нь тогтоогдоогүй байхад хэл амаар цовдолж шарах нь дэмий биз.

Ш.Мөнхцэцэг Даян аваргын эхнэр мөн үү мөн, нүүрсний компанитай юу компанитай гэдэг гагцхүү үнэн л байна.

Үүнд ямар нэг алдаа дутагдал, буруу муу зүйл байвал хууль хяналтын байгууллагуудын үлбэгэр дорой, төрийн ойворгон залхаг, цаашлаад сонгох эрхээрээ хариуцлага тооцож чаддаггүй иргэд бидний л арчаагүйнх биз.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн жил “Гавьяат хуульч” цолоор шагнуулсан болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe