Баримт нэн тэргүүнд: Яс ургалтыг тос түрхэж шимэгдүүлэх боломжгүй

.Graph
2026-07-15

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 10 дугаар сарын 25-нд  Dado online shop нэртэй хуудаснаас “Яс ургалтыг зогсоох sumifun” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Ингэхдээ “Хэрх тулай яс ургалтанд зориулагдсан тос маань өвчин намдааж үрэвсэл дарна илүү яс ургалтыг шимэгдүүлэх үйлчилгээтэй юм” гэж дурдсан байна. Тус бичлэг 2,100 гаруй реакц, 1,200-аад сэтгэгдэл авч, 1,100 удаа цааш түгээгджээ.

Ясны өөрчлөлт нь голчлон дотоод эсийн үйл ажиллагаанаас хамаардаг тул арьсны гадна талаас элдэв түрхлэг хэрэглэх нь нөлөө багатай. Мөн хөлийн эрхий хурууны хажууд өвдөж, яс ургах үзэгдэл нь тулай, шохойжилт, гэмтэл, ясны хавдар гэх мэт олон төрлийн шалтгаантай. Тиймээс хөлийн хуруу өвдөх, томрох, илүү яс ургах шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээний талаар зөвлөгөө авах нь зүйтэй.

“Sumifun Bunion relief cream” гэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу Google Lens хэрэглүүр ашиглаж, зургаар хайв. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүн олон улсын худалдааны сайтуудаар өвчин намдаах тос хэмээн худалдаалагдаж буй нь илэрсэн. Гэвч тус бүтээгдэхүүн нь мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдсэн эсэх мэдээлэл илэрсэнгүй.

Тодруулбал, АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Номын сангийн DailyMed сайтад “энэхүү бүтээгдэхүүнийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-наас аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг тогтоогоогүй” хэмээн мэдээлжээ.

Мөн сурталчилж буй бүтээгдэхүүнийг олон улсын цахим худалдааны платформуудад “Sumifun” брэндийн тос хэмээн тайлбарласан байна. Харин “Sumifun” брэндийн албан ёсны вебсайтад байршуулсан бүтээгдэхүүний мэдээллийг шалгахад сурталчилж буй бүтээгдэхүүний бүртгэл, мэдээлэл олдсонгүй.

Эх сурвалж: sumifunofficial.com

Яс ургах эмгэг гэж юу вэ?

Уг эмгэгийн талаар edoctor.mn сайтад “Биеийн ясны хаа нэгтээ яс ургаж товойх үзэгдлийг яс ургах эмгэг гэнэ. Ихэвчлэн үений үзүүр хэсэгт яс ургадаг ч сээр нуруунд ургах тохиолдол бий. Ургасан яс нь олон жилийн турш өвдөлт өгөхгүй, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох бөгөөд эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдлууд олон. Уг эмгэг нь ихэвчлэн ясны үрэвслээс үүддэг. Ясны гаднах мөгөөрс элэгдсэнээс болж яснууд хоорондоо шүргэлцэж, хавирна. Ингэснээр тухайн хавирч буй хэсэгт яс ургадаг. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд өдөр тутмын амьдралд ямар сөрөг үзүүлж байгаагаас хамааран өөр өөр эмчилгээ хийх шаардлагатай болдог” гэж хүний их эмч Д.Цолмон мэдээлсэн байна.

Ясны ургалт нь биеийн хөдөлгөөнд саад учруулахааргүй тохиолдолд хаванг бууруулж, өвдөлт намдаах эм хэрэглэх, тухайн хэсгийг ачааллыг суллаж, амраах дасгал хийх гэх мэт аргаар гэрийн нөхцөлд үрэвслийг багасгах боломжтой аж. Гэвч шинж тэмдэг хүндээр илэрч, хөдөлгөөнд саад учруулсан үед ясны ургацгийг авч, дарагдсан мэдрэлийн хэсгийг тэлэх мэс заслаар эмчилдэг байна. Өөрөөр бол яс ургах эмгэг хүндэрч, томорсон тохиолдолд энгийн өвчин намдаах тос үр дүнгүй юм.

Яс ургалтыг тос түрхэж шимэгдүүлэх боломжгүй

Эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “ясны эдийг уусгадаг ямар ч байгалийн эмчилгээ эсвэл нэмэлт бүтээгдэхүүн гэж байдаггүй. Учир нь ясны ургалтын эд болон бусад ясны хооронд ялгаа байдаггүй (хэрэв уусдаг бол бусад яс чинь ч бас уусна гэсэн үг). Ясны ургалтыг арилгах цорын ганц арга бол мэс засал юм” хэмээн тайлбарласан байна.

Мөн “цахим орчинд ясны ургалтыг уусгаж алга болгоно гэсэн мэдээллүүд нь үнэндээ түүний эргэн тойрон дахь үрэвслийг намдаах үйлчилгээний тухай бөгөөд үрэвслийг дарснаар ясны ургалтын эргэн тойрон дахь зөөлөн эдийн хавдар, өвчнийг түр хугацаанд бууруулах боломжтой” гэжээ.

Тулай нь бүрэн эдгэрдэг өвчин биш бөгөөд эмчилгээ нь голчлон өвдөлт, үрэвслийг намдаах, шээсний хүчлийн түвшнийг хянах зэрэгт чиглэдэг. Иймээс шинжлэх ухааны үндэслэл, албан ёсны баталгаагүй бүтээгдэхүүнд найдаж цаг алдахын оронд мэргэжлийн эмчид хандаж, өөрийн биеийн онцлогт тохирсон зөвлөгөө, эмчилгээг аваарай.

Тулай өвчин нь шээсний хүчил ихсэн, үений дотор талд талсжиж, хуримтлагдсанаас болж үүсдэг архаг үрэвсэлт үений өвчин юм. Энэ нь голчлон хуруу, өсгий, шагай, өвдөг зэрэг жижиг үед тохиолддог байна. АНУ-ын Үений үрэвсэл, Булчин тогтолцоо, Арьсны өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр уг өвчин нь бүрэн эдгэрдэггүй архаг эмгэгт тооцогддог бөгөөд эмчилгээ нь шинж тэмдгийг бууруулж, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн байдаг аж. Эмчилгээнд үрэвслийн эсрэг эм, хоолны дэглэм, амьдралын зөв хэмнэл зэрэгт суурилсан бөгөөд шээсний хүчлийг хянах, тулайтай хамт илэрч болзошгүй бусад эмгэгээс (зүрх, бөөрний эмгэг гэх мэт) хамгаалах, үе мөчний байдал улам дордохоос сэргийлэхэд анхаардаг байна. Өөрөөр хэлбэл үе мөчний үйл ажиллагааг дэмжиж, өвдөлт намдаадаг төрлийн бүтээгдэхүүнээр тулай өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй.

Мөн MedicalNewsToday вэбсайтад “Хөлийн эрхий хурууны яс өвчин орж, хавдсан тохиолдолд анхан шатны тусламж нь өвчин намдаах эмчилгээ байна. Мөн ховор тохиолдолд үрэвслийг бууруулах зорилгоор дааврын тариа хэрэглэдэг. Зөвхөн өвчин намдаагч хэрэглээд зогсохгүй шаардлагатай нэмэлт хэрэгсэл хэрэглэх ба спортоос үүдэлтэй гэмтэл байлаа гэхэд тухайн спортоор хэсэг хугацаанд хичээллэхгүй байх нь зүйтэй. Үе мөч, хөлний мэргэжилтэнтэй холбогдож ямар гутал өмсөх талаараа зөвлөгөө аваарай. Хэрэв тулай, үе мөчний үрэвсэл зэрэг байвал тусгай эмчилгээ хийдэг” гэж мэдээлжээ.

Дүгнээд хэлбэл, хөлийн хурууны яс ямар шалтгаанаар үрэвссэнээс хамааран эмчилгээ өөр, өөр байдаг. Өвдөлт намдаах тос нь шинж тэмдгийн эмчилгээ болохоос суурь шалтгааныг эмчлэхгүй. Мөн ясны ургалт нь ясны бүтцийн өөрчлөлт учраас тос түрхэж шимэгдүүлэх, арилгах боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалж

АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Номын сангийн DailyMed сайт

sumifunofficial.com

edoctor.mn сайт

АНУ-ын МакФерсон нийгэмлэгийн хөлний эмнэлгийн вэбсайт

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайт

АНУ-ын Нортвест хагалгааны төвийн вэбсайт

MedicalNewsToday вэбсайт

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe