Говь-Алтай аймгийн Жаргалан суманд 2026 оны долоодугаар сарын 14-ний 22.58 цагийн орчимд тэнгэрт медуз хэлбэртэй, цагаан гэрэлтсэн ховор үзэгдэл ажиглагдаж, зураг, бичлэгийг нь цахим сүлжээнд нийтэлжээ.
Зургаар үзэх бол энд дараарай.
Энэхүү үзэгдэл нь "Сансрын медуз | Space Jellyfish" буюу сансрын пуужингийн хоёрдугаар шат өндөрт ажиллах үед үүсдэг гэрэлт утаан үүл юм.
Пуужин 100–300 км-ийн өндөрт хүрэхэд хөдөлгүүрээс ялгарсан хий маш хүйтэн орчинд тэлж, нарны гэрэлд гэрэлтсэний улмаас газраас аварга медуз мэт харагддаг.
Тухайн өдөр Монголын цагаар 22:47 цагт Казахстаны Байконур сансрын буудлаас Soyuz MS-29 пуужин хөөрсөн бөгөөд Говь-Алтайд ажиглагдсан үзэгдэл ердөө 11 минутын дараа болсон юм.
Ийм төрлийн "Сансрын медуз" үзэгдэл нь аюулгүй. АНУ-ын “SpaceX”, ОХУ-ын “Soyuz”, БНХАУ-ын “Long March” зэрэг сансрын пуужингийн хөөргөлтийн дараа дэлхийн олон оронд тогтмол ажиглагддаг.
ОХУ-ын сансар судлалын агентлаг Роскосмос Казахстан улсын Байконур сансрын буудлаас “Soyuz MS-29” хөлгийг Олон улсын сансрын станц руу хөөргөсөн нь шинэ баг найман сарын хугацаанд шинжлэх ухааны судалгаа, станцын засвар үйлчилгээ, туршилтын ажлыг гүйцэтгэх зорилготой.
“Soyuz MS-29” хөлгөөр АНУ-ын “NASA”-гийн сансрын нисгэгч Анил Менон, ОХУ-ын Роскосмосын сансрын нисгэгч Пётр Дубров, Анна Кикина гурав Олон улсын сансрын станцад очиж, “Expedition 74/75” багийн бүрэлдэхүүнд ажиллаж эхэлсэн байна.
Хэдийгээр Орос, АНУ-ын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал хэвээр байгаа ч Олон улсын сансрын станцын хамтын ажиллагаа үргэлжилсээр байна.
Soyuz MS-29 нь NASA болон Роскосмос хамтран хэрэгжүүлж буй ээлжит баг солилцооны нислэг бөгөөд АНУ, ОХУ сансарт хамтран ажилласаар байгааг харуулсан чухал үйл явдал боллоо.
Сэтгэгдэл үлдээх