№25
Англи-Аргентин 1:2
Англи 60 жилийн өмнөх түүхээ давтаж чадсангүй, 40 жилийн өмнөх шигээ Аргентинд 1:2-оор хожигдлоо.
Тоглолтын эхний хагас "ширүүн" уур амьсгалтай өнгөрөв. Бие биеэ түлхэлцээд, нэг нэгээ өдсөн, хөлбөмбөг тоглох биш хэрүүл хийсэн нь их. Дөнгөж 33 дахь минутад л хаалга руу анх цохилтоо хийлээ, урамгүй.
Эхний үед бол Англи гэхдээ илүү тоглосон. Хоёрдугаар үе эхлээд удалгүй Рожерсийн хөндлөн дамжуулалтыг "Барса"-ийн шинэ цэрэг Гордон дагуулж цохиод гоол орууллаа. Энэ дэлхийн аваргаар Английн "чимээгүй баатар нь" Энтони Гордон гэхэд буруудахгүй ээ. Тэрбээр 1 гоол, 3 ассисттай явна.
Аргентин гоол алдаад харин улам сэргээд ирэв. Английн хаалга руу тасралтгүй довтолсон. Хэдэн ч удаа Пикфорд Англиа аврав, хэдэн ч удаа хаалганы шон нь Английг аврав.
Тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө тавхан минут дутуу байхад Мессигийн дамжуулалтаар Энцо Фернандес 16-ийн гаднаас цохиж тоог тэнцүүлж, шүүгчийн мэдлийн цаг эхлээд хоёр дахь минутад Месси сэлгээгээр орж ирсэн Лаутаро Мартинесийн яг "толгой дээр" пасс хаяад тоглолтыг эргүүлчихлээ.
Супер од бол ийм л байдаг. Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт , хамгийн хүнд үед багаа авардаг.
Месси Аргентинийг дэлхийн аваргын финалд дахин нэг хөтөллөө.
Харин Английн "герман" дасгалжуулагч үргэлжлүүлээд довтлох, эсвэл бөмбөгөө эхний хагас шиг эзэмшихийн оронд дэндүү эрт "харанхуй хамгаалалтад" шилжсэнээр Аргентинд боломж олгосон гэхэд буруудахгүй байхаа.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд гадны мэргэжилтэн дасгалжуулаад гавьсан, дэлхийн аварга болсон баг байхгүй.
Аргентин түүхэн дэх дэлхийн аварга цолоо хамгаалах гурав
дахь баг ( Итали 1934,1938, Бразил 1958,1962) болох боломжтой болж байна.
Мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд долоо дахь удаагаа ( 3 хожил, 3 хожигдол) шалгарч Бразилтай эн зэрэгцэв. Тэдний өмнө зөвхөн Герман найман удаа аваргын төлөө тоглосноороо бичигдэж байна.
Ийнхүү сар гаруй үргэлжилсэн ДАШТ өндөрлөхөд ердөө хоёрхон тоглолт үлдлээ.
Долдугаар сарын 18-нд Майами хотноо хүрэл медалийн төлөө Франц-Английн шигшээ , харин долдугаар сарын 19-нд Алтан медаль, аваргын цомын төлөө Испани-Аргентин өрсөлдөнө.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
"FIFA World Cup 2026" тэмцээний мэдээллийн спонсор:
Хамтран ажиллагч:Graph.mn iCodice, LLC
Сэтгэгдэл үлдээх