Аргентины шигшээ багийн алтангадас, Барселона клубын домог Лионель Месси тус клубын болон Испанийн шигшээ багийн залуу од Ламин Ямалын хувь төөрөг ДАШТ-нд дахин огтлолцох боллоо.
Энэ цаг мөчид тэдний 20-иод жилийн өмнөх гэрэл зураг дахин олны анхаарлыг татаад байгаа билээ.
Зургийг 2007 оны 12 дугаар сард авсан. 2024 онд олон нийтийн дунд тархаж, хиймэл оюун ухаанаар хийсэн гэх хардлага хүртэл гарч байв. Үнэндээ Ламин Ямалын аав Мунир Насрауи өөрийн инстаграм хуудсандаа нийтэлснээр ил болсон. Спортын хорхойтнууд болон хэвлэлүүд үүнийг "Мессигийн залуу одод өгсөн адис" хэмээн бэлгэшээн нэрлэдэг.
Ямар учиртай зураг вэ
Зураг даруулах үед дөнгөж 20 настай байсан Лионель Месси "Барселона" клубын сан болон Каталоны өдөр тутмын "Diario Sport" сонин хамтран, ЮНИСЕФ болон бусад төрийн бус байгууллагуудад туслах зорилгоор гаргадаг буяны хуанлийн зураг авалтад оролцсон байна. Хуанлид зориулж Барсагийн 12 тоглогч Барселона орчмын хүүхдүүдтэй хамт зургаа авахуулсны нэг нь тухайн үед дөнгөж 6 сартай байсан Ламин Ямал байжээ. Ямалын гэр бүл Барселона хотоос 40 км-ийн зайд орших Матаро хотод амьдардаг байв.
Зурагчин Жоан Монфорт
Энэхүү гайхалтай агшныг хальснаа буулгасан гэрэл зурагчин Жоан Монфорт “The Athletic” хэвлэлд өгсөн ярилцлагадаа зураг авалтын хөшигний ардах сонирхолтой түүхийг хуваалцжээ. "Энэ бол авахад үнэхээр хэцүү зураг байсан. Би энэ зургийг авах гэж утгаараа хөлсөө урсгаж, маш их хичээсэн" хэмээн дурссан байна. Тухайн үед Месси маш бүрэг, ичимхий залуу байсан тул нялх хүүхэдтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй байжээ. Азаар Ламин Ямалын ээж зураг авалтын талбайд байж, залуу Мессид хүүхдээ тэвэрч, усанд оруулахад нь тусалсан байна.
Хувь тавилангийн огтлолцол
Гэрэл зурагчин Жоан Монфорт цааш нь ярихдаа "Тухайн үед энэ нялх хүүхэд ирээдүйд хэн болохыг, мөн Месси өөрөө хөлбөмбөгийн түүхэн дэх ямар агуу тоглогч болохыг хэн ч төсөөлөөгүй байсан. Энэ бол сая холбоосонд ганц тохиох маш ховор тохиолдол, хувь тавилангийн гайхалтай огтлолцол юм" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх