Монголын шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмлээ.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр дараах мэдээллийг өглөө.
АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн нь дотоодын компаниудын шийдвэр бус Монгол Улс болон ОХУ хооронд байгуулсан урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний нөхцөл хэрэгжсэнтэй холбоотой аж.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд импортын 98 хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Иймээс дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөд Монголд нийлүүлэх шатахууны үнэ ч даган өөрчлөгдөхөөс өөр аргагүй байдаг.
2022 оны үнийн огцом өсөлтийн дараа тогтвортой үнээр нийлүүлэхээр тохиролцсон
2022 онд ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөнөөр Монголд нийлүүлэх АИ-92 автобензиний экспортын үнэ тонн тутамд 1180 ам.доллар хүрч байв.
Үүний дараа Монголын Засгийн газар ОХУ-тай хэлэлцээ хийж, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг шинэчилснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн АИ-92 автобензинийг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон байна.
Ингэснээр Монгол Улс сүүлийн гурван жилийн турш АИ-92 автобензинийг нэг ижил үнээр импортолж иржээ.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ОХУ-аас АИ-92 автобензинийг тонн тутамд 705 ам.доллараар тогтмол нийлүүлж ирсэн. Гэхдээ энэхүү тогтвортой үнэ нь хугацаагүй баталгаатай байгаагүй.
Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан гэрээнд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дараалсан гурван сарын хугацаанд 30 хувиас дээш өсөх эсвэл 30 хувиас илүү буурвал нийлүүлэлтийн үнийг дахин хэлэлцэнэ гэсэн тусгай заалт багтжээ.
2026 оны хоёрдугаар сараас эхлэн АНУ, Ираны хоорондын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, баррель тутмын үнэ 100 ам.доллар давсан байна. Энэ өсөлт гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар саруудад үргэлжилсэнээр Монгол, ОХУ-ын гэрээний үнийн шинэчлэлийн нөхцөлд хүргэжээ.
Үүний улмаас ОХУ-аас Монголд долдугаар сард нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 95 ам.доллараар өсөж, 800 ам.доллар болсон байна.
Сэтгэгдэл үлдээх