Хөлбөмбөгийн домог Пелегийн 1958 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын үеэр өмсөж байсан өмсгөл Нью-Йорк дахь "Sotheby's" дуудлага худалдаагаар 4.9 сая ам.доллар (3.6 сая фунт стерлинг)-оор зарагдлаа.
Энэ нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хоёр дахь өмсгөл болж байна.
Хамгийн үнэтэй өмсгөлийн дээд амжилтыг Диего Марадонагийн 1986 оны ДАШТ-д Английн эсрэг алдарт "Тэнгэрийн гар" (Hand of God) гоолоо оруулахдаа өмсөж байсан Аргентины шигшээ багийн өмсгөл эзэмшдэг бөгөөд уг өмсгөл 2022 онд 7.1 сая фунт стерлингээр зарагдаж байв.
Таваас олон оролцогч оролцон нийт 10 удаа үнэ хаялцсаны эцэст эзэндээ хүрсэн Пелегийн 1958 оны шигшээ тоглолтын өмсгөл нь түүний дуудлага худалдаагаар зарагдсан түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй дурсгалын зүйл боллоо.
Сонирхолтой нь яг энэ өмсгөл 2004 онд 105,600 ам.доллар (70,505 фунт стерлинг)-оор зарагдаж байжээ.
Пеле 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Шведийн эсрэг 17-хон настайдаа тоглож, хоёр гоол оруулснаар өөрийн карьер дахь гурван Дэлхийн аваргын цомын анхныхыг нь хүртэж байсан юм. Тэрээр өнөөдрийг хүртэл ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулсан хамгийн залуу тоглогчийн дээд амжилтыг эзэмшсээр байна.
"Өнөөдрийн дуудлага худалдааны үр дүн бол бүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэгний арилшгүй өв залгамжлалыг гэрчлэх хүчирхэг баталгаа юм" хэмээн "Sotheby's" дуудлага худалдааны газрын Спортын стратеги, хөгжил хариуцсан дарга Брендан Хоукс хэлэв.
"Энэхүү цамц нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал мөчүүдийн нэгийг сануулаад зогсохгүй, Пелег дэлхийн спортын бэлэг тэмдэг болгон цуурайтуулсан тэрхүү түүхэн цаг хугацаатай шууд холбогддог үнэ цэнтэй зүйл юм."
Пүрэв гарагт зохион байгуулагдсан "The Beautiful Game" дуудлага худалдааны үеэр өөр бусад түүхэн дурсгалт зүйлс ч мөн зарагдсан байна.
Үүнд:
Диего Марадонагийн ахлагчийн тууз: Түүний 1986 оны ДАШТ-ий үеэр (Английн хаалганд "Тэнгэрийн гар" гоол оруулахдаа зүүж байсан) зүүж байсан ахлагчийн тууз 512,000 ам.доллар (380,000 фунт)-оор зарагдав.
Лионель Мессигийн өмсгөл: Барселона клуб 2017 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д Парис Сент-Жермен клубыг 6–1 харьцаатайгаар гайхамшигтайгаар буулган авч, түүхэн эргэн ирэлт хийхэд түүний өмсөж байсан өмсгөл 217,600 ам.доллар (161,482 фунт)-оор зарагджээ.
Дэвид Бэкхэмийн өмсгөл: Түүний 2002 оны ДАШТ-д Английн шигшээ багийн төлөөх 50 дахь тоглолтондоо өмссөн 51,200 ам.доллар (37,996 фунт)-ын үнэ хүрлээ.
Сэтгэгдэл үлдээх