АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогч болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн тус улсад байх хугацааг хязгаарлах шинэ журмыг баталлаа.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) өмнө нь мөрдөгдөж байсан “Duration of Status” (D/S) буюу тухайн хүн сургалт, хөтөлбөр, ажлын шаардлагаа хангаж байгаа хугацаанд АНУ-д үлдэх боломжтой тогтолцоог өөрчилж, тодорхой хугацаатай зөвшөөрөл олгох зохицуулалт руу шилжүүлж байна.
Шинэ журмыг өчигдөр баталсан ба
F ангиллын визтэй гадаад оюутнууд
J ангиллын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
I ангиллын гадаад хэвлэл мэдээллийн ажилтнууд АНУ-д байх хугацаагаа урьдчилан тогтоосон хугацаагаар хязгаарлуулах бөгөөд F болон J ангиллын виз эзэмшигчдийн зөвшөөрөгдөх хугацаа 4 жилээс хэтрэхгүй байна.
Хэрэв сургалт, судалгааны ажил энэ хугацаанаас урт үргэлжилбэл АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-д хүсэлт гарган сунгалт авах шаардлагатай болно.
Өмнөх тогтолцоонд оюутнууд сургуулийнхаа олон улсын алба болон хөтөлбөрийн зохицуулагчаар дамжуулан I-20, DS-2019 зэрэг баримтаа сунгуулж, статусаа хадгалах боломжтой байсан бол шинэ зохицуулалтаар холбооны цагаачлалын байгууллага сунгалтын шийдвэрт илүү шууд оролцох болж байна.
Засгийн газрын тайлбараар, энэхүү өөрчлөлт нь визийн хяналтыг сайжруулах, АНУ-д хэт удаан хугацаагаар үлдэх, сургалтын зорилгоо олон удаа өөрчлөх зэрэг боломжийг хязгаарлах зорилготой аж.
Гэвч АНУ-ын их, дээд сургуулиуд болон боловсролын салбарын байгууллагууд энэ шийдвэрийг шүүмжилж байна.
Ялангуяа олон улсын докторын оюутнууд (PhD), судлаачдад хүндрэл учруулж, дэлхийн шилдэг авьяастнууд АНУ-ыг сонгох сонирхол буурах эрсдэлтэй гэж анхааруулжээ. Учир нь докторын хөтөлбөрүүд ихэвчлэн 4 жилээс урт үргэлжилдэг бөгөөд судалгааны ажлын явцад хугацааны уян хатан байдал шаарддаг байна.
Мөн шинэ журам нь гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад ч нөлөөлнө. I ангиллын визийн хугацааг ерөнхийдөө 240 хоногоор хязгаарлах, зарим орны иргэдэд илүү богино хугацаа тогтоох зохицуулалт орж байгаа нь хэвлэлийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл дагуулж байна.
Энэ өөрчлөлт нь Трампын захиргааны гадаадын иргэдийн цагаачлал, визийн хяналтыг чангатгах өргөн хүрээний бодлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
Ийнхүү Фулбрайт зэрэг академик солилцооны хөтөлбөрүүдийн санхүүжилт тойрсон маргаантай зэрэгцэн АНУ-д суралцах, судалгаа хийх гадаад иргэдийн эрх зүйн орчин улам хатуу болж байна.
Монгол Улсад АНУ-ын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн нэг болох Фулбрайт 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр Монголын оюутан, судлаачдыг АНУ-д суралцах боломж олгож ирсэн.
Одоогийн өөрчлөлт нь Фулбрайтын санхүүжилтийг шууд зогсоож байгаа биш боловч тэтгэлгээр явсан хүмүүсийн АНУ-д байх эрх зүйн орчин илүү хатуу хяналттай болох гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээх