Францын парламентаар лхагва гарагт эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүсийн амьдралаа эцэслэх эрхийг албан ёсоор баталгаажуулсан хууль баталжээ.
Ингэснээр ёс зүйн болоод улс төрийн хурц маргааны сэдэв болж, чамгүй удаан үргэлжилсэн асуудал нэг тийш болж байна.
Өвчтөн өөрөө амьдралаа эцэслэх хүсэлтэй бол хатуу, чанд шалгуур нөхцөлүүдийг нотлон баталгаажуулсны эцэст үхлийн тун бүхий бодис хэрэглэхийг зөвшөөрөх заалттай юм байна.
Ингэхдээ уг бодисыг тухайн өвчтөн өөрөө хэрэглэх юм уу, бие махбодын хувьд чадамжгүй бол эмч, сувилагч, бусад хүн туслах ёстой гэж хуульчилж байна.
Франц улсын иргэн, эсвэл байнгын оршин суугч статус бүхий насанд хүрсэн хүмүүс эдгэх аргагүй, хожуу болон эцсийн шатанд орсон хүнд өвчтэй, бие махбодын болоод сэтгэцийн хувьд хөнгөвчлөх боломжгүй байнгын зовуур шаналалтай байгаа тохиолдолд зөвхөн хуулиар баталгаажсан энэ эрхийг эдлэх боломжтой байх юм байна. Мөн энэ нь тухайн хүний өөрийн хүслээр, ухамсартайгаар гаргасан шийдвэр байхаас гадна, холбогдох эмч болоод бусад шинжээчдийн багаар хэлэлцсэнийг өвчтөн өөрөө удаа дараа шийдвэрээ нотлон баталгаажуулсан байхаар зааж өгч байна.
Францын парламентын 291 депутат дэмжиж, 241 нь эсрэг санал хураалгаснаар энэ баримт бичиг эцэслэн батлагдсан байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон санал хураалтын дараа хүний амь нас, өвчин шаналал, нэр төртэй холбоотой асар эмзэг бөгөөд хүнд ноцтой энэ асуудлыг сонсож, хэлэлцэн мэтгэлцэх замаар шийдэх нь цорын ганц зөв зам, үүнийг Францын ард түмэнтэй хамтран хэрэгжүүлнэ гэж 2022 онд өгсөн амлалтынхаа дагуу ийнхүү хүндэтгэл бүхий, ардчилсан замаар хэрэгжүүллээ гэж мөн Х (хуучнаар Твиттер) нийгмийн сүлжээндээ тэмдэглэж байна.
Улс төрийн хурц маргаантай энэ асуудал дээр зүүний намууд болон Макроны талын депутатуудын олонх дэмжсэн байр суурь илэрхийлж байгаа бол, барууны болон хэт барууны хүчнийхэн эсрэг байр суурь баримталдаг байна. Консерватив үзэлт баруунтнууд олонх байдаг Францын Сенат гэхэд энэ асуудал дээр эсрэг санал хураалгасан боловч парламентын доод танхим асуудлыг ийнхүү бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэн баталж байна.
Тэгвэл Үндсэн хуулийн шүүх энэ хуулийг бүхэлд нь эсвэл зарим зүйл заалтуудыг нь хүчингүйд тооцох эрхтэй ч, энэ нь нэлээд онцгой тохиолдолд хэрэглэгддэг эрх гэдгийг мөн хэвлэлүүд дурдсан байна.
Францын иргэдийн хувьд энэ оны хоёр сард IFOP хүрээлэнгийн асуулгаар 84 хувь нь Эвтаназийг хуульчлахыг дэмжсэн байр суурь мөн илэрхийлж байжээ.
Тэгвэл энэ хуулийг дэмжигчдийн хувьд тэсвэрлэшгүй хүнд өвчин шаналал дунд байгаа хүмүүсийн амь амьдралаа өөрсдөө бие даан шийдэх эрхийг хуулийн хатуу хяналт дор баталгаажуулж байгаа хэрэг гэж мэдэгдэж байгаа бол, шашны болоод эмнэлгийн зарим хүрээнийхэн үүнийг эмзэг хэсгийнхэнд дарамт учруулах талтай гэж үзэж байна.
Бусдын тусламжтайгаар амьдралаа эцэслэх энэ талын эрхийг үүнээс өмнө Бельги, Нидерланд, Швейцар зэрэг Европын зарим улс, мөн Канад улс хуулиар баталгаажуулсан байдаг бол Америкийн Нэгдсэн Улсын зарим муж улсуудад мөн хуульчлан зөвшөөрсөн байдаг юм байна.
Эх сурвалж: MNB Монголын мэдээ
Сэтгэгдэл үлдээх