Найруулагч Кристофер Ноланы тухай онцлох баримтууд

Кристофер Нолан бол орчин үеийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг бөгөөд бодит зураг авалт, практик эффект, цаг хугацааны өвөрмөц өгүүлэмжээрээ дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Ноланы найруулсан кинонууд дэлхий даяар нийт 6.6 тэрбум ам.доллароос давсан орлого олсон нь түүнийг хамгийн амжилттай найруулагчдын нэг болгож байна.
"Oppenheimer" киногоороо анхны Оскарын шагналаа хүртсэн.
2024 онд "Oppenheimer" киногоороо "Шилдэг найруулагч", мөн "Шилдэг кино" төрөлд Академийн шагнал хүртсэн. Энэ нь түүний карьерын анхны Оскарын найруулагчийн шагнал байв. Нолан бүтээлүүддээ CGI-г аль болох бага ашиглаж, бодит зураг авалт хийхийг зорьдог. "The Dark Knight" кинонд жинхэнэ ачааны машиныг эргүүлэн унагасан бол "Tenet" кинонд бодит Boeing 747 онгоцыг дэлбэлж зураг авалт хийсэн нь кино урлагийн түүхэнд үлдсэн. Түүний найруулга цаг хугацааг өөр өнцгөөс найруулдгаараа онцлог. "Memento", "Inception", "Interstellar", "Tenet" зэрэг бүтээлүүд нь цаг хугацааны бүтэц, хүний ой санамж, орон зай, бодит байдлын талаарх өвөрмөц өгүүлэмжээрээ кино судлаачдын өндөр үнэлгээг авсан.
Нолан эхнэр, продюсер Эмма Томас болон дүү Жонатан Нолан-тайгаа хамтран олон киноныхоо зохиолыг боловсруулсан байдаг. Энэ нь түүний бүтээлүүдийг бусдаас ялгаруулдаг нэг онцлог юм. Ингэхээр найруулагч Ноланы кино бүр нээлтээсээ өмнө дэлхий даяар хамгийн их хүлээлт үүсгэдэг бүтээлүүдийн нэг байдаг. "The Odyssey" ч мөн энэ уламжлалыг үргэлжлүүлж, кино сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.
Домгийг дэлгэцэнд амилуулсан "The Odyssey" киноны талаар
Кристофер Ноланы шинэ бүтээл "The Odyssey" кино дэлхийн кино урлагийн хамгийн их хүлээлт үүсгэсэн төслүүдийн нэг болоод байна. Хомерын алдарт туульсаас сэдэвлэсэн энэхүү бүтээл зөвхөн оддын бүрэлдэхүүнээрээ бус, кино үйлдвэрлэлийн цар хүрээ, шинэ технологи, практик зураг авалтаараа онцгойрчээ. Ингээд тус киноны талаар таны мэдэхгүй байж болох 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Кристофер Ноланы хамгийн өндөр төсөвтэй кино
"The Odyssey" киноны үйлдвэрлэлийн төсөв 250 сая ам.доллар бөгөөд энэ нь найруулагч Кристофер Ноланы карьерын хамгийн өндөр өртөгтэй бүтээл болжээ.
2. IMAX 70 мм камераар бүхэлд нь бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино
Энэхүү бүтээл нь эхнээсээ дуустал IMAX 70 мм камер ашиглан зураг авсан дэлхийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болсон юм. Үүний тулд IMAX компани шинэ үеийн, илүү авсаархан камер хүртэл тусгайлан хөгжүүлжээ.
3. Зургаан улсад зураг авалт хийжээ
Киноны зураг авалт 91 хоногийн турш Грек, Итали, Марокко, Исланд зэрэг нийт 6 улсад үргэлжилсэн бөгөөд байгалийн бодит орчныг түлхүү ашигласан байна.
4. 640 километр урт кино хальс ашигласан
Зураг авалтад нийт 2.1 сая фут буюу ойролцоогоор 640 километр урт IMAX кино хальс ашигласан нь орчин үеийн кино үйлдвэрлэлийн хамгийн том хэмжээний зураг авалтуудын нэгт тооцогдож байна.
5. 2,000 гаруй статист оролцсон
Трой хотын бүслэлтийн хэсгийг бодитоор харуулахын тулд 2,000 гаруй статист жүжигчин оролцуулсан нь компьютер графикаас илүү бодит мэдрэмж төрүүлэх зорилготой байжээ.
6. 5,300 гаруй хувцас урласан
Киноны хувцасны дизайн дээр дэлхийн олон орны 675 гаруй урлаач ажиллаж, нийт 5,300 гаруй хувцас урлан бүтээсэн байна.
7. Одиссейн хөлгийг бодитоор барьжээ
Гол дүрийн аялалд ашиглагдах хөлгийг компьютер графикаар бус, 35 метр урт бодит хэмжээтэй усан онгоц болгон бүтээж далайд зураг авалт хийсэн байна.
8. Үргэлжлэх хугацаа нь 172 минут
"The Odyssey" кино 172 минут (2 цаг 52 минут) үргэлжилдэг бөгөөд энэ нь Ноланы хамгийн урт бүтээлүүдийн нэг юм.
9. Хөгжмийг эртний хөгжмийн зэмсгээр бүтээжээ
Оскарын шагналт хөгжмийн зохиолч Людвиг Йоранссон киноны хөгжмийг эртний Грекийн лир, аулос зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг, мөн хүрэл гонг ашиглан бичсэн нь киноны уур амьсгалыг улам бүр бодит болгожээ.
10. Холливудын шилдэг жүжигчид нэг дор цугларсан
Кинонд Мэтт Дэймон, Энн Хэтэуэй, Том Холланд, Зендая, Роберт Паттинсон, Шарлиз Терон, Лупита Нионго зэрэг Холливудын хамгийн нэр хүндтэй жүжигчид хамтран тоглосон нь үзэгчдийн хүлээлтийг улам өндөр болгож байна.
Дүгнэлт: "The Odyssey" нь зөвхөн Хомерын сонгодог туульсыг дэлгэцнээ амилуулсан бүтээл биш, харин кино үйлдвэрлэлийн технологи, практик зураг авалт, жүжигчдийн бүрэлдэхүүн, хөгжмийн шийдлээрээ Кристофер Ноланы хамгийн том төслүүдийн нэг болж байна. Кино урлагийн шүүмжлэгчид уг бүтээлийг энэ жилийн хамгийн онцлох кинонуудын нэгээр нэрлээд байна.
Кристофер Ноланы "The Odyssey" кино нээлтээ хийсний дараахан дэлхийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж эхэллээ.Кино шүүмжийн хамгийн нэр хүндтэй платформуудын нэг болох Rotten Tomatoes сайтад тус бүтээл эхний шүүмжүүдийн дүнгээр 96 хувийн "Fresh" (эерэг) үнэлгээ авч, энэ оны хамгийн өндөр үнэлгээтэй кинонуудын нэгээр нэрлэгдэж байна.
Шүүмжлэгчид найруулагч Кристофер Ноланы өргөн цар хүрээтэй найруулга, IMAX форматын дүрслэл, жүжигчдийн тоглолт, Хомерын сонгодог туульсыг орчин үеийн кино хэлээр шинэчлэн өгүүлсэн арга барилыг онцгойлон магтжээ.Түүнчлэн олон улсын хэвлэлүүд "The Odyssey"-ийг 2026 оны Оскарын шагналын гол өрсөлдөгчдийн нэг хэмээн үнэлж эхлээд байна.
Сэтгэгдэл үлдээх