Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо гуравдугаар сарын 30-аас энэ сарын 6 хүртэл үргэлжилж байна.
Олон улсын хуулийн оюутнуудын холбоо, Олон улсын баарын холбоо болон АНУ-ын баарын холбоотой хамтран зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Батрагчаа шүүгчээр оролцож байгаа юм. Р.Батрагчаа 2011 оноос хойш тэмцээний шүүгчээр ажилласан туршлагатай.
Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “White case” хэмээх олон улсын хуулийн фирм уг тэмцээнийг санхүүжүүлдэг. Анх НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филип Жессап 1960 онд санаачлан зохион байгуулжээ. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжсөн юм. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна.
Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup”-д өнгөрсөн жил Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд оролцож, “Шилдэг, шинэ баг”-аар шалгарч байв.
Сэтгэгдэл үлдээх