Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ Улаанбаатар хот руу үйлдэхээр болжээ

.Graph
2026-07-21

БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч "Air China" компани дотооддоо үйлдвэрлэсэн "C919" загварын зорчигч тээврийн агаарын хөлгөөрөө ирэх наймдугаар сарын 12-ноос эхлэн олон улсын анхны хуваарьт нислэгээ үйлдэхээр болсныг албан ёсоор зарлалаа. Энэ нь Хятад улс агаарын хөлгийн үйлдвэрлэл, технологио дотоодоосоо бүрэн хангах зорилтынхоо хүрээнд хүрч буй томоохон дэвшил юм.

Одоогоор "Air China" болон "China Eastern Airlines" компаниуд уг онгоцоор дотоодын болон Хонконг чиглэлд тогтмол нислэгүүдийг амжилттай гүйцэтгэж байгаа билээ.

Нислэгийн хуваарь: Бээжин-Улаанбаатар-Бээжин чиглэлд өдөр бүр нэг удаа хоёр талын нислэг үйлдэх бөгөөд цагийн хуваарь дараах байдалтай байна:

  • Явах нислэг: Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудлаас 15:00 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 17:15 цагт газардана

  • Буцах нислэг: Улаанбаатар хотоос 18:30 цагт хөдөлж, Бээжинд 20:35 цагт бууна

Хятадын төрийн өмчит "Commercial Aircraft Corporation of China" (Comac) компанийн үйлдвэрлэсэн нарийн биетэй, хоёр эгнээ суудалтай уг агаарын хөлөг нь дэлхийн зорчигч тээврийн зах зээлийг тэргүүлэгч "Boeing" болон "Airbus" компаниудын ижил төрлийн онгоцнуудын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Уг онгоцыг хөгжүүлэх төслийг төрийн дорвитой дэмжлэгтэйгээр 2007 онд баталж, анхны загвар нь 2015 онд Шанхай дахь үйлдвэрээс гарч байжээ.

БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээллээр, өнгөрсөн оны эцсийн байдлаар дотоодын зах зээлд нийт 31 ширхэг "C919" онгоц нислэг үйлдэж, дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлээд байна. "Comac" компани одоогоор олон улсаас 1200 гаруй захиалга хүлээн авсан хэдий ч нийлүүлэлтийн явц төлөвлөсөн хугацаанаас хоцрогдолтой яваа ажээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг (Xinhua)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe