Хориглосон байршилд суулгасан 286 камерыг буулгуулжээ

Г.Энэбиш
2026-07-25

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой үйл ажиллагааны хүрээнд ашиглаж байгаа дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хянах, цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийх Комиссын чиг үүргийг хуульчилсан. Энэ  чиг үүргийн дагуу нийтийн үйлчилгээний зарим байгууллага үйлчлүүлэгчийн хувийн орон зайд хамаарах өрөө, тасалгаанд хяналтын камер байршуулж байгаа асуудлыг ХЭҮК-оос шалгуулжээ.

Цагдаагийн байгууллагын 740 алба хаагч (давхардсан тоогоор) оролцуулж, нийт 4,148 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж явуулсан уг шалгалтын үр дүнд хуулиар хориглосон байршилд байрлуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар 127 мэдэгдэл хүргүүлжээ.  

Мөн бусад зөрчлийг арилгах мэдэгдлийг 352 иргэн, хуулийн этгээдэд өгч, биелэлтийг хангуулсан байна. Уг шалгалтад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2,458  хуулийн этгээд, гоо сайхан, алжаал тайлах үйлчилгээний газар, саун, зочид буудал зэрэг 1,156 байгууллага, оюутан, сурагчдын дотуур байр болон бусад 534 байгууллага хамрагджээ.

Тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй 210 иргэн, хуулийн этгээдэд нийт 210 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой зөрчил гаргасан 12 иргэн, хуулийн этгээдэд нийт 60 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хяналт шалгалтын хүрээнд нийт 270 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ. 

Хориглосон байршилд байршуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe