Судалгаа: Монгол Улсын аяллын үйлчилгээний алдагдал $1 тэрбумд хүрчээ

.Graph
2026-07-25

13000 хүнийг түүврийн аргаар хамруулсан "Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээ ҮСХ-ноос танилцууллаа.  

Судалгааны үр дүнгээс үзэхэд нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 3.2 сая хүн дотоодод аялсан байна. Дотоодын жуулчлалын оргил ачааллын үе 7–8 дугаар саруудад явагдаж, жуулчдын дийлэнх нь буюу 1.4 (43.0%) сая жуулчин байгалийн дурсгалт газар үзэх зорилгоор аялсан бөгөөд эдгээр аялагчдын 83.2 хувь нь 49 хүртэлх насныхан байна. Дотоодын жуулчид нэг аялалд дунджаар 1.1 сая төгрөгийг зарцуулсан байна.

             Гол асуудлыг додоодын аялагчид аялал жуулчлалын хамгийн том асуудал нь зам, ариун цэвэр, хог хаягдал гэжээ

Монгол Улсын дотоодын аялал жуулчлал 2025 онд 2.6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосон ч аялагчдын сэтгэл ханамжид хамгийн их нөлөөлж буй орчны цэвэр байдал, ариун цэврийн байгууламж, хог хаягдал болон орон нутгийн дэд бүтэц салбарын хөгжлийн гол сорилт хэвээр байгааг Үндэсний статистикийн хорооны “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа 2025” харуулжээ.

Тус судалгааг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, дотоодын аяллын тоо, чиглэл, давтамж, зорилго, тээврийн хэрэгсэл, байр сууц, аяллын зардал, сэтгэл ханамж зэрэг олон үзүүлэлтийг хамруулсан байна. Судалгаанд 13.3 мянган иргэнийг сонгон хамруулахаар төлөвлөснөөс 8260 иргэн буюу 62.4 хувь нь бодитоор оролцжээ. Мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 10-28-ны өдрүүдэд компьютерийн тусламжтай утасны ярилцлагын аргаар цуглуулсан бөгөөд 60 үндсэн, 12 гэрээт мэдээлэл цуглуулагч ажилласан байна.

Хөвсгөл, Архангай хоёр дотоодын аяллын гол төв цэг хэвээр

2025 онд дотоодын жуулчдын хамгийн их зорьсон чиглэлээр Хөвсгөл аймаг тэргүүлж, 328.6 мянган жуулчин буюу нийт аялагчдын 14.1 хувь нь тус аймагт аялжээ. Үүний дараа

  • Архангай 265.2 мянга буюу 11.4 хувь, 
  • Улаанбаатар 211.6 мянга буюу 9.1 хувь,
  •  Сэлэнгэ 178.0 мянга буюу 7.7 хувь,
  •  Өвөрхангай 153.2 мянга буюу 6.6 хувь,
  •  Увс 146.7 мянга буюу 6.3 хувь-тайгаар удаалсан байна.

Энэ нь дотоодын аялал жуулчлалын урсгал цөөн хэдэн бүс нутагт төвлөрч байгааг харуулж байна. Ялангуяа байгалийн үзэсгэлэнт газар, нуур, уул, түүх соёлын дурсгалт газрууд бүхий аймгууд аялал жуулчлалын гол төв хэвээр байгаа бол бусад аймагт жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, аяллын бүтээгдэхүүн бий болгох боломж их байгааг судалгааны дүн харуулж байна.

Жуулчид байр, ариун цэврийн байгууламж, зам, дэд бүтцийн чанарт сөрөг үнэлгээ өгчээ 

Дотоодын аялагчдын сэтгэл ханамжийг үзэхэд байр сууцны үйлчилгээ 77.8 хувь, хоол хүнсний үйлчилгээ 75.1 хувь, соёл, үзвэр үйлчилгээ 75.8 хувь нь “сайн” болон “маш сайн” гэсэн үнэлгээ авчээ.

Гэвч хамгийн сул үнэлгээ авсан үзүүлэлт нь орчны цэвэр байдал байв. Аялагчдын ердөө 46.8 хувь нь орчны цэвэр байдлыг сайн болон маш сайн гэж үнэлсэн бол 24 хувь нь муу, маш муу гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын аялал жуулчлалын хамгийн том асуудал нь зөвхөн жуулчны бааз, зочид буудлын тоо бус, аяллын бүс нутгийн хог хаягдал, ариун цэврийн байгууламж, зам болон дэд бүтцийн чанар болж байна.

Соёл, үзвэр үйлчилгээний үнэлгээ харьцангуй өндөр байсан ч судалгаанд оролцогчдын 32.6 хувь нь уг үйлчилгээг үнэлэх боломжгүй буюу мэдэхгүй гэж хариулсан нь орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж жигд бус байгааг харуулж байна.

Монголчууд гадаадад аялахдаа дотоодын жуулчнаас илүү их мөнгө зарцуулдаг

Судалгааны хамгийн анхаарал татахуйц дүгнэлтийн нэг нь Монгол Улсын аялал жуулчлалын мөнгөний урсгал гадагш чиглэж байгаа явдал юм.

2025 онд Монгол Улсад ирсэн нэг гадаадын жуулчин дунджаар 4.6 сая төгрөгийн орлого бий болгосон бол Монгол Улсын нэг иргэн гадаадад аялахдаа дунджаар 8.4 сая төгрөгийн зардал гаргажээ.

Үүний улмаас 2025 онд Монгол Улсын аяллын үйлчилгээний орлого 728.4 сая ам.доллар, харин зардал 1.7 тэрбум ам.долларт хүрч, аяллын үйлчилгээний төлбөрийн тэнцэл 1.0 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.

Энэ тоо Монгол Улс дотоодын аялал жуулчлалын зах зээлээ хөгжүүлж, иргэдийн аялалд зарцуулж буй мөнгийг эх орондоо үлдээхээс гадна гадаадын жуулчдын зардлыг нэмэгдүүлэх асар их боломжтойг харуулж байна.

Аялал жуулчлал зуны гурван сард хэт төвлөрчээ

Монголын аялал жуулчлалын бас нэг том сул тал нь улирлын хэт хамаарал юм. Дотоодын жуулчдын урсгал долдугаар сард хамгийн өндөр түвшинд хүрдэг бол 11 дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл хамгийн бага байдаг байна. Үндэсний их баяр наадам болон иргэдийн зуны амралттай холбоотойгоор долдугаар сард аяллын эрэлт огцом нэмэгддэг аж.

Ингэснээр аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн орлого жилийн турш тогтвортой бус, ажиллах хүчний эрэлт улирлаас хэт хамааралтай болох эрсдэлтэй. Тиймээс өвөл, хавар, намрын улиралд аялал жуулчлалыг дэмжих шинэ бүтээгдэхүүн, эвент, соёлын болон спортын арга хэмжээ бий болгох шаардлагатайг судалгааны үр дүн харуулж байна.

Монголын аялал жуулчлалын гол асуудал бол жуулчин биш, үйлчилгээний чанар

Энэхүү судалгаанаас харахад Монгол Улсад дотоодын аялал жуулчлалын эрэлт хангалттай бий. Иргэд аялж, их хэмжээний мөнгө дотоодын эдийн засагт зарцуулж байна. Харин аяллын бүс нутгийн зам, ариун цэвэр, хог хаягдал, дэд бүтэц, үйлчилгээний стандарт жигд бус байгаа нь салбарын өсөлтийг хязгаарлаж байна. Гадны жуулчид ямар хэцүү нөхцөлд анхдагч хэрэгцээгээ хангаж бие засссан тухай олон таагүй бичлэг, зургийг нийтэлдэг шиг энэхүү хүртээмжгүй тухгүй байдал нь дотоодын аялагчдад ч таагүй мэдрэмж төрүүлдэг болохыг энэхүү судалгаа баталжээ. 

Нөгөө талаас Монголчуудын гадаадад аялж буй мөнгөн урсгал дотоодын аялал жуулчлалын зах зээлд үлдэх боломжтой асар их нөөц байгааг харуулж байна. Хэрэв дотоодын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, жилийн дөрвөн улиралд аялах нөхцөлийг бүрдүүлж чадвал аялал жуулчлал нь зөвхөн зуны улирлын бизнес бус, Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийн нэг чухал салбар болох боломжтой.

Товчхондоо, 2025 оны судалгааны хамгийн том мессеж бол: Монголчууд аялах хүсэлтэй, аялалд мөнгө зарцуулдаг. Харин тэдэнд хэрэгтэй зүйл нь шинэ жуулчин бус, илүү цэвэр, хүртээмжтэй, чанартай аяллын орчин юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe