Ч.Чинхүсэл
Зүүн Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тасалбарыг Portal.mn, SocialPay болон CU Mongolia апплейкшнээс худалдан авах боломжтой.
Тус тэмцээнд Азийн чансаа өндөр 7 баг өрсөлдөнө.
Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Макао, Хонгконг, Монголын шигшээ баг наймдугаар сарын 5-9-нд АСА аренад ухаан сорьж, хүчийг уралдуулах юм.
Тэмцээн Тайвань болон Макаогийн өрсөлдөөнөөр 13.30 цагаас эхлэх бол Монгол Улсын шигшээ баг тус өдрийг 19.30 цагт Хонг Конгийн шигшээ багтай тоглоно.
Манай улсын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг Аргентин улсын мэргэжилтэн Пабло Дель Крекко (Pablo Del Crecco) ахлан дасгалжуулж байна.
Уг дасгалжуулагч Монголын Үндэсний дээд лигт “Төв Миг Волвес” багийг удирдан аваргын цом хүртэж байсан бөгөөд олон улсын томоохон лигүүдэд ажиллаж байсан туршлагатай.
Тэмцээний онцлох баримтуудаас дурдъя. Үндэсний дээд лигийн 2 удаагийн аварга, 2 удаагийн шилдэг тоглогч, Тайландын дээд лигийн 2 удаагийн аварга 2 удаагийн шилдэг довтлогч, шилдэг тоглогч, Тайваны лигийн шилдэг довтлогч, Бүх ард түмний наадмын аварга Т.Хангал.
2008 оны “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-д тамирчин Т.Хангалын аав ОУХМ Р.Тамираа эх орноо төлөөлөн оролцож байсан түүхтэй. Т.Хангал нь өнгөрсөн улирал Тайванийн лигт легионер тамирчнаар тоглож, байсан ба гэрээгээ сунгасан бол үндэсний шигшээ багтаа тоглох эрхээ нэг жилээр хасуулах эрсдэлтэй нүүр туулсан. Харин тэр огтхон ч эргэлзэхгүйгээр эх орноо сонгосон хэмээн ярилцлагадаа дурджээ.
Манай улс тэмцээнийг өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онд тус тус зохион байгуулж байсан түүхтэй.
Эх сурвалж: Монголын Волейболын Холбоо
Сэтгэгдэл үлдээх