2042 орон сууцны 35 хувийг төрийн албан хаагчдад эзэмшүүлнэ

Ц.Чимэдцэеэ
2026-07-27

Түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд эзэмшүүлэх 5002 айлын 66 блок, орлогод нийцсэн орон сууцны Солонго 1, 2 хорооллын эхний ээлжийн бүртгэл ирэх сарын сүүлээр эхлэх талаар “ТОСК” ТӨХХК-ийн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар мэдээллээ.

Тус төсөл нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нисэх, Буянт-Ухаа 2 хорооллын дэргэд хэрэгжиж буй билээ.

Орон сууцны түрээсийн үнийг 1 м.кв нь 11,000₮ – 15,000₮ байхаар зохицуулсан.

Төсөлд хамрагдах иргэдийг 2026 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх журмын дагуу сонгон шалгаруулна.

Журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар зохион байгуулна. 

 Ж.Энхбаатар:

Эхний ээлжийн 2042 айлын орон сууц наймдугаар сарын дундуур ашиглалтад ороход бэлэн болно гэсэн хүлээлттэй байна. Наймдугаар сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Сонгон шалгаруулалтын программ хийгдэж байна.

Цахимаар сонгон шалгаруулахтай холбоотой иргэд ямар нэг материал бүрдүүлэхгүй. ХУР болон ДАН систем ашиглан төр өөрт байгаа иргэний мэдээллийг үнэлэн шалгаруулна.

Үнэлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл, хувиараа олсон орлогоо бүртгүүлдэг татварын цэнхэр дэвтэр дэх орлого, тэтгэврийн орлого гэсэн гурван төрлийн орлогыг л хүлээн зөвшөөрнө. Энэ нь татвар төлөх үүргээ биелүүлдэг иргэдээ л хамруулж байгаа хэлбэр ба дансны хуулга зэргийг харгалзахгүй.

Сонгон шалгаруулалтын цахим сайт бэлэн болохоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдтай хамтран мэдээлэл өгнө.

Орон сууны сонголт

  • 2 өрөө байр 41, 42, 43 м.кв
  • 3 өрөө байр 47, 49, ,52 м.кв

Иргэд сайт руу хандахдаа

  1. Төслийн нэр
  2. Өрөөний тоо болон метр.кв
  3. Хамрагдах бүлэг
  4. Регистерийн дугаар
  5. Бүртгэлтэй утасны дугаар
  6. Мэйл хаяг гэсэн 6 мэдээллийн сонгохыг сонгож, бөглөхийг бөглөж юм.

Хамрагдах бүлэг

  • Залуу гэр бүл 15 хувь
  • Төрийн захиргаа, төрийн тусгай болон төрийн улс төрийн албан хаагч 15 хувь
  • Төрийн үйлчилгээний албан хаагч 20 хувь
  • Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10 хувь
  • Ахмад настан 18 хувь
  • Олон хүүхэдтэй гэр бүл 5 хувь
  • Өрх толгойлсон эцэг эх 5 хувь
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний асран хамгаалагчдын гэр бүл 10 хувь
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртсөн өрх 2 хувь

Ийнхүү цахим систем иргэдийг оноожуулах ба хардлагаас сэргийлж, нээлттэй харах боломжтой байна.

Түрээслээд өмчлөх орон сууцтай холбоотойгоор оочирт оруулж өгнө, материал бүрдүүлж өгнө гэсэн байдлаар иргэдийг залилах тохиодол гарч байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа. 

Харин  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт (Ногоон нуур орчим, Баянбүрдийн тойргийн зүүн талд) хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн томоохон цогцолбор хороолол  Ногоон нуур 1008 айлын төсөл түрээслээд өмчлөх журамд хамаарахгүй. Зөвхөн газар чөлөөлсөн иргэдэд хамааралтай юм байна.

Ташрамд дурдахад, 2019 онд Буянт-Ухаа 2 хотхоны 9752 орон сууцанд 35000 иргэн хүсэлт өгч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe