Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татжээ

Ц.Чимэдцэеэ
2026-07-27

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирж, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал үзсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Эрдэнэт хотын 50 жилийн ойг хүндэтгэлийн индэрээс үзэж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч байсан юм.

Түүнийг интерполын улаан буланд сурвалжилж байсан ба Монгол Улсын хууль хяналтынхан мөрдөж шалгасангүй гэх шүүмжлэл дагуулж байв.

Ц.Элбэгдорж

“2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуулийн урилгаар явсан. Манай хүүхдүүдийн хувь заяанд иргэд санаа зовж явдаг юм шиг байна билээ. Хүүхдүүд маань сайн байгаа гэдгийг хэлье. Ерөнхийлөгчийн ажлаа хийж байхад сүүлийн хоёр жил, бараг долоон жил шахам шалгаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд шалгаад дууссан. Тэр хүмүүсийн улс төрд л хэрэгтэй байсан болов уу гэж би боддог” хэмээж байв.

Тэгвэл түүнд холбогдох хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар АТГ-аас тодрууллаа.

Түүнд холбогдох хэргийг хилийн чанадад оргон зайлсан гэх шалтгаанаар прокурорын байгууллагаас түдгэлзүүлсэн байсан. Харин дахин Монгол Улсад ирсэнтэй холбоотойгоор энэ сарын 9-ний өдөр НПГ-аас гаргасан прокурорын тогтоолын дагуу өмнө нь шалгаж байсан хэргийг сэргээсэн байна.

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, мөн зүйлийн 22.4-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татжээ.

Яллагдагчаар татсантай холбоотойгоор дуудан ирүүлэхээр мэдэгдсэн ч одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцоогүй байна.

Цаашид тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хилээр гарахыг хязгаарлах зэрэг хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарах магадлалтай юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe