Ч. Чинхүсэл
Үндэсний их баяр наадам, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүдэрт “дарагдсан” мэргэжлийн сумо бөхийн Нагояа башо энэ удаа үзэгчдийн сэтгэл хөдлөл, уухайлах чимээ нам дор өндөрлөлөө. Гэсэн ч Монголын сумо бөх сонирхогчдын хувьд алдаж боломгүй сонирхолтой барилдаан, эгзэгтэй мөчүүдээс энд сийрүүлье.
Нэг. Башод Украины бөх Аонишики нэмэлт барилдаанаар Атамифүжи болон Киришима Б. Лхагвасүрэн нарыг өвдөг шороодуулан түрүүлж озэки цолоо эргүүлэн авах нь тодорхой боллоо.
Хоёр. Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд 2 башогийн өмнө түрүүлж озэки цол авснаасаа хойш дараалан үзүүрлэж байна. Дараагийн 9 сарын Аки башод Киришима сайн барилдаж уналгүй түрүүлж чадах аваас ёкозуна цол хүртэх боломжтой юм.
Гурав. Харин Ёкозуна Хошорюу С.Бямбасүрэн, Оносато нар хоёул маш тааруу барилдан ёкозунагийн зөвлөлөөс шүүмжлэлийг сонслоо.
Ёкозуна зөвлөлийн тэргүүн Тадамори Ошима "Бид Ёкозүна хүний ухамсар, хариуцлагаа бүрэн ойлгож, түүндээ нийцсэн барилдаан үзүүлэхийг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакүд онцгойлон уламжилсан" хэмээв. Мөн баруун өвдөгний дотор холбоос болон баруун гуяны арын булчингаа гэмтээсний улмаас 14 дэх өдөр 7 даваа, 6 унаатай байхад тэмцээнээ орхисон Хошорюүгийн талаар "Түрүү бөхийн өрсөлдөөн шийдэгдэх чухал үед тэмцээнээ орхисон нь үнэхээр харамсалтай байсан" гэж хэлжээ.
Дөрөв. Манай ард түмний итгэл найдварын дөл болсон Макүшита зиндааны 11-дэх чансаанаас барилдаж байгаа 24 настай Асахифүжи Б. Очирсайхан мэргэжлийн сумод орж ирснээсээ хойш анхныхаа унааг Набатамэд алдсан хэдий ч 3 бөхтэй нэмэлтээр барилдаж түрүүллээ.
Ингэснээр түүний амжилт 28 барилдаанаас ганцхан унаатай, Жүрёо зиндаанд дэвшин цалин авч, Сэкитори буюу “цолтой бөх” хэмээн дуудагдах боломжтой боллоо.
Ирэх башогийн банзүкэ (цолны чансаа) наймдугаар сарын 30-нд тодорхой болж, башо есдүгээр сарын 13-нд эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх