Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани 2027 оны эцэс гэхэд Германд хэдэн мянган ажлын байрыг сайн дурын хөтөлбөрөөр цомхотгохоор болсноо лхагва гарагт мэдэгдлээ. Энэ нь ашиг орлого буурч, зах зээлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор ажилтнуудаа цөөлж буй Германы автомашины үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн алхам болж байна.
Компанийн мэдээлснээр, үйлдвэрчний эвлэлтэй тохиролцсоны үндсэн дээр сайн дурын ажлаас гарах (voluntary redundancy) хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ нь голчлон удирдлага, захиргаа болон судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнуудыг хамарна. Харин үйлдвэрлэлийн шугамын ажилчид уг хөтөлбөрт хамрагдахгүй аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр, нийт ажиллах хүч ойролцоогоор 8,000 хүнээр буурах төлөвтэй байна. BMW одоогоор дэлхий даяар 150–160 мянган ажилтантай бөгөөд тэдний талаас илүү нь Германд ажилладаг.
BMW-ийн шинэ гүйцэтгэх захирал Милан Неделькович ажилтнууддаа хандан "Автомашины салбарын тоглоомын дүрэм үндсээрээ өөрчлөгдөж, компанийн бизнесийн суурь нөхцөл шинэ шатанд орсон" гэж мэдэгдсэн байна. Тэрээр ойрын жилүүдэд нөхцөл байдал амаргүй байх ч ашигт ажиллагаагаа хадгалахын тулд зардлаа илүү эрчимтэй бууруулах шаардлагатай гэж онцолжээ.
BMW ийм шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:
БНХАУ-ын зах зээл дэх автомашины борлуулалт эрс буурсан.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн.
АНУ-ын импортын тариф болон геополитикийн тодорхойгүй байдал зардлыг өсгөсөн.
Дотоод шаталтат хөдөлгүүрээс цахилгаан автомашинд шилжих өндөр өртөгтэй шилжилт үргэлжилж байгаа.
BMW энэ оны зургаадугаар сард 2026 оны ашиг, борлуулалтын төлөвөө бууруулсан бөгөөд үүний дараа бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлэхээ мэдэгдээд байсан юм. BMW-ийн энэхүү шийдвэр нь Германы автомашины салбарт өрнөж буй томоохон бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. Өмнө нь Volkswagen, Mercedes-Benz, Porsche компаниуд мөн олон мянган ажлын байр цомхотгох төлөвлөгөөгөө зарлаад байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/
Сэтгэгдэл үлдээх