Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) Ази, Номхон далайн бүсийн 2026–2030 оны стратегиа танилцуулж, онлайн залилан, цахим луйварт албадан ажиллуулах зорилготой хүний наймаа (Trafficking in Persons for Forced Criminality) бүс нутгийн хамгийн ноцтой аюулын нэг болсныг анхаарууллаа. Тайланд дурдсанаар, Зүүн Өмнөд Азийн залилангийн сүлжээ 2023 онд зөвхөн Зүүн болон Зүүн Өмнөд Азийн хохирогчдоос 37 тэрбум ам.долларын, харин 2024 онд АНУ-ын иргэдээс 10 тэрбум ам.доллароос давсан хохирол учруулжээ. Хохирогчдыг өндөр цалинтай ажлын зар, хуурамч ажилд зуучлах замаар Камбож, Мьянмар, Лаос зэрэг улсад аваачин цахим залилан, мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт хүчээр оролцуулдаг байна.
Камбожид л гэхэд 100 мянга орчим хүн онлайн залилангийн төвүүдэд ажиллаж байж болзошгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс жилд 12.8 тэрбум ам.долларын орлого олдог гэсэн тооцоо гарсан нь тус улсын ДНБ-ий ойролцоогоор 25 хувьтай тэнцэж байна.
IOM-ийн шинэ стратеги нь ийм төрлийн хүний наймааны хохирогчдыг гэмт хэрэгтэн бус, хохирогч гэж таньж хамгаалах, хил дамнасан хамтын ажиллагааг сайжруулах, гэмт бүлэглэлүүдийн санхүүгийн урсгалыг таслан зогсоох, цахим мөрдөн шалгах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
ОУШХБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Иори Като “Цахим залилангийн төвд ажиллаж буй олон хүн өөрсдөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг. Гэвч тэднийг хохирогч бус, гэмт хэрэг үйлдэгч гэж үзэх тохиолдол байсаар байна. Иймээс хохирогчдыг хамгаалах тогтолцоог сайжруулж, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал.” хэмээн онцолжээ.
2022–2025 оны хооронд ОУШХБ Ази, Номхон далайн бүс нутагт албадан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор худалдаалагдсан 3,100 гаруй хүнд шууд тусламж үзүүлж ажиллажээ.
Тус байгууллагаас хүн худалдаалахтай тэмцэх бүсийн шинэчилсэн стратегиа олон нийтэд танилцуулжээ.
Энэхүү стратеги нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг албадан үйлдүүлсэн хууль бус үйлдлийнх нь төлөө шийтгэх ёсгүй гэсэн олон улсын зарчмыг онцолж, тэднийг хамгаалах, тусламж үйлчилгээ болон шударга ёсны хүртээмжийг сайжруулахыг уриалж байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага өнгөрсөн 25 жилд дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн 100,000 гаруй хохирогчид шууд тусламж үзүүлэн ажиллажээ.
Сэтгэгдэл үлдээх