Ч.Чинхүсэл
Монголын хөлбөмбөгийн холбоо 1959 онд байгуулагдаж ууган тамирчин, дасгалжуулагч Н.Лувсандоржийн удирдлага дор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн анхны тэмцээн 1996 онд зохион байгуулагдаж, 1997 онд холбоо шинэчлэгдэн байгуулагдаж байв.
Тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал холбооны анхдугаар хурлаар Ерөнхийлөгчид сонгогдон, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ганболд ажиллажээ.
Үүний дараа 2010 оны 11 дүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбооны гуравдугаар хурлаар Б.Ганболд Ерөнхийлөгчөөр, Д.Тэрбаатарыг Нарийн бичгийн даргаар сонгов.
Б.Ганболдын удирдлага дор 2011 оны долоодугаар сарын 16-ны үндэсний шигшээ баг түүхэн дэх хамгийн өндөр чансаа буюу 211 орноос 160-д жагсаж байв.
Харамсалтай нь Б.Ганболд 2009 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Мохамед Бин Хаммамаас мөнгө авсан нь ил болж, 2014 оны аравдугаар сарын 15-нд Монголын хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхээ 5 жилээр хасуулж байжээ.
Энэ үйл явдлаас зургаан хоногийн дараа удирдах зөвлөлийн шийдвэрээр тухайн үеийн холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон нийтийн харилцаа бодлогын зөвлөх А.Ганбаатарыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болсон холбооны дөрөвдүгээр их хурлаар одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр, Ө. Шижирийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.
А.Ганбаатар 9 жил холбооны Ерөнхийлөгчөөр ажилласны эцэст 2023 оны долоодугаар сарын 3-нд Монголын хөлбөмбөгийн холбооны XII сонгуульт их хурал болсон.
Тус хурлаар М.Болд холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болжээ.
Харин 2024 оны 12 дугаар сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн захирал, үндэсний шигшээ багийн ахлагч асан Б.Гарьдмагнайгаар ахлуулсан холбооны ажилчид холбооны үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хямралтай байгаа талаар шаардлага хүргүүлсэн.
Энэхүү мэдэгдэлд “МХБХ-ны 2023 оны ээлжит сонгуулиар сонгогдсон болон томилогдсон МХБХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий Нарийн бичгийн даргын газар нь ажиллагаа нь эхэлсэн цагаасаа доголдсон гацсан байдалтай явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Монголын хөлбөмбөгтэй холбоотой олон төсөл, хөтөлбөр санхүүжилтгүйн нэрийн дор гацаж, хөлбөмбөгийн холбоо болон энэ орчинд ажиллаж байгаа хүмүүс цалин хөлсөө авч чадахгүй, ажил амьдралаараа хохирсоор эцэст нь Монголын хөлбөмбөгийн спортын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж, энэ бүгдэд хариуцлага хүлээх эзэнгүй, хариуцлага тооцох эрхгүй байна уу гэлтэй байдалд хүргэж байгаа байна“ хэмээн дурдсан байдаг.
Шаардлагын дараа 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Т.Дагвадорж мэдэгдэл гаргахдаа Монголын хөлбөмбөгийн холбоог 3,8 тэрбум төгрөгийн өртэй байгаа хэмээн зарлаж байжээ.
Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос BDO аудитын компанийг томилон онлайн хэлбэрээр 7-8 хоногийн турш шалгалтыг явуулжээ.
Үүнээс хойш М.Болд, Т.Дагвадорж нар ажлаа өгч, 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн асан Ц. Анандбазар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн түүхтэй.
Холбооны тамирчид, клубууд тус шийдвэрийг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын 24-өөс эхлэн мэдэгдэл хүргүүлсний дараа 42 хоногийн турш тоглоогүй юм. Учир нь клубуудын шагналын мөнгө олгогдохгүй байсан, холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бусаар зохион байгуулсан, Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг хэл ам дагуулж байв.
Одоогоор ОУХБХ-оос санхүүжилтийн тайлангаа нээлттэй байршуулж, манайх шиг гишүүн орнууд дөрвөн жилийн хугацаанд багадаа 8 сая ам.доллар буюу ойролцоогоор 28,7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал авах дүр зурагтай байна.
Үүгээр зогсохгүй Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн болохын хувь жил бүр 500,000 ам.долларын буцалтгүй тусламж авдаг.
Тэгвэл тамирчдынхаа цалин өгөхгүй хэмжээнд хүрч, салбарынхныхаа эсэргүүцэлтэй тулгараад буй Монголын хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-оос орж ирэх учиртай 28,7 тэрбум төгрөгийг авч чадах эсэх нь эргэлзээтэй.
Учир нь дээр дурдсан аудитын шалгалтын дараагаар хэзээ ч нээлттэй байгаагүй Монголын хөлбөмбөгийн холбооны төсөв улам хумигдаж, тамирчид, дасгалжуулагч нар өчнөн зөрчилтэй байгаа талаар шүгэл үлээж эхэлсэн.
Угтаа бол олон улсын хөлбөмбөгийн холбоо, Аийн хөлбөмбөгийн холбооны дүрэмд “Хөлбөмбөгийн холбоо нь улс төр, засгийн газар, гуравдагч этгээдийн нөлөөнөөс хараат бус байх” гэсэн хориглосон зарчим байдаг. Гэтэл нийтлэлд дурдагдсан холбооны 9 удирдах албан тушаалтнаас 4 нь улс төрч.
Сэтгэгдэл үлдээх