Ч.Чинхүсэл
Сүүлийн хоёр өдөр Монгол Улс даяар шатахууны оочир дугаар нэмэгдэж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар “Улсын хэмжээнд АИ-92 бензин 17 хоног, дизел түлш 20 хоногийн нөөцтэй байна” хэмээн мэдээлсэн.
Иргэд багадаа 1 цаг 30 минут хүлээж, шатахуун авч байна
БГД XXIX хороо, Энхтайваны гүүрний Петровис ШТС-д өнөөдрийн байдлаар энгийн АИ92 болон дизель түлш ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож байна. Түгээгчийн өгсөн мэдээллээр “Нөөц дуусаж байгаа. Дуустал нь шавхаж өгөх зорилготой байгаа” гэв.
БГД III хороо, Төмөр замын депогийн эсрэг талын Шунхлай ШТС-ын хувьд АИ-92 дууссан. АИ-95 өгч байгаа бөгөөд үдээс хойш АИ-92 бензиний нөөц ирнэ гэв.
БГД III хороо, Нарны зам дагуу байрлах Сод Монгол ШТС “Орлого замдаа явж байгаа” гэсэн бол Мэдээллийн ажилтнаас тодруулахад “Бусад салбарууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, оочер дараалал их байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Иргэн Б.Цэгзул “Түүхий эд нь байна, бүх л юм нь байна өөрөө өөрсдөө бензинээ үйлдвэрлээд явбал зүгээр л байна. Уг нь Дорноговьд шинэ үйлдвэр нээж байгаа, тоног төхөөрөмж нь ирж байгаа гэсэн нь сайшаалтай л юм. Мөн Оросын дайнтай холбоотой гэж бодож байгаа” гэв.
Иргэн Ч.Золзаяа “Би 9:20 цагт ирсэн одоо 11 цаг болж байна. Оросоос ирсэн шатахуунаа авч чадахгүй байгаа юм шиг байсан”
Шунхлай ХХК хэвийн ажиллаж байгаа ШТС-аа фэйсбүүк, инстаграмм хаягуудаараа тухай бүр мэдээлж байна.

Б.Дашпүрэв: Багассан нөөцийг 10 хоногийн дотор бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв
“Шатахууны нөөцийн хамгийн том доголдол үүсгэдэг асуудал бол нөөцийн сав. Сав нь 30 хоногийн, замд явж байгаа вагон цистернтэйгээ нийлээд 42 хоногийн нөөц бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар 15 хоногийн 31,000 тонн АИ-92, 20 хоногийн 80,000 тонн дезиль түлшний нөөцтэй. ОХУ-аас долоодугаар сард авсан нөөцөөс нэмэгдүүлж авах захиалгаа өнөөдөр баталгаажууллаа. Мөн БНСУ-аас түлш авахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням холбогдох хүмүүстэй уулзалт хийж байгаа. БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95, Евро-5 бүтээгдэхүүнийг авахаар хэлцэл хийсэн. Маргаашнаас ачиж эхлэх болно. 10 хоногийн дотор бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
Ташрамд дурдахад, хомсдол үүсэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу 2026 оны долоодугаар сарын 15-нд ОХУ-ын “Роснефть” болон бусад нийлүүлэгч компаниас ирүүлсэн хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан АИ-92 түлшний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, Дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулаад байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх