МИАТ-ийн Станбул чиглэлийн нислэг 5 цаг саатжээ

Ц.Чимэдцэеэ
2026-07-31

Станбул чиглэлийн OM161 аяллын нислэг техникийн саатлын улмаас 5 цагаар хоцорч ниссэний улмаас олон зорчигч дараагийн нисгээсээ хоцорч, онгоцны буудалд хоноглоход хүрчээ. Энэ талаар зорчигч С.Төмөрбат цахим хуудаснаа мэдээлэв.

Улаанбаатараас өглөөний 07:25 цагт товлосон тус нислэгийн хойшлох шалтгааныг зорчигчид ойлгож хүндэтгэсэн хэдий ч саатлын дараах зохион байгуулалт, мэдээллийн уялдаа холбоо туйлын хангалтгүй байсныг шүүмжилж байна.

Нисэхээс өмнө "Станбул дахь төлөөлөгч зорчигчдыг тосон авч, дамжих нислэг болон ачааны асуудлыг бүрэн зохицуулна" гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр ямар нэгэн тусламж, зохион байгуулалт байгаагүй.

Олон гадаад, дотоодын зорчигчид Станбулаас цааш үргэлжлүүлэх нислэгээсээ хоцорч, зарим нь Монголд байгаа гэр бүл, танилуудаараа дамжуулан билетээ өөрчлүүлж асуудлаа бие даан шийдвэрлэжээ.

Ачаа тээшийг цааш шилжүүлэх үйл явц тодорхойгүй байснаас болж зорчигчид хил гарах, ачаагаа хайх зэргээр ихээхэн чирэгдэл шаналгаатай тулгарсан байна.

Олон цаг хүлээсэн, хоноглох шаардлагатай болсон зорчигчдод МИАТ ТӨХК-ийн зүгээс нэгдсэн зохион байгуулалттай хоол, амрах байраар хангаж чадаагүй аж.

Зорчигчдын төлөөлөл болон иргэд МИАТ ТӨХК-ийг үүссэн нөхцөл байдалд албан ёсны тайлбар хийж, зорчигчдоос уучлал гуйхыг шаардаж байна.

Мөн Зам, тээврийн яамыг иргэний агаарын тээврийн салбарын үйлчилгээний чанар, хяналтад анхаарч, цаашид олон улсын жишигт нийцсэн зорчигч төвтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарах шаардлагатайг санууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe