Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг газарзүй, цаг уурын онцлогтой нь уялдуулан 3D хэлбэрээр дүрслэх интерактив системийг нэвтрүүлсэн гэнэ. Шинэ систем нь агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нуруу, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг газарзүйн мэдээлэлтэй уялдуулан орон зайн болон цаг хугацааны хувьд дүрслэн харуулах боломжтой аж.
Тус интерактив зураглалаар: -Өнгөрсөн 5 хоногийн агаарын чанарын мэдээлэл;
-Бодит цагийн буюу тухайн агшны агаарын чанарын мэдээлэл;
-Маргаашийн 24 цагийн урьдчилсан прогноз; -Агаарын чанарын индексийн түвшин;
-PM10, PM2.5 тоосонцор, NO₂, SO₂, CO зэрэг агаар бохирдуулагч бодисын агууламж зэргийг 15 минут тутмын давтамжтайгаар харуулах юм.
Мөн 24 цагийн мэдээллийг 96 кадраар хөдөлгөөнт байдлаар дүрслэн харуулах бөгөөд ингэснээр агаарын чанарын өөрчлөлт цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэх боломж бүрджээ. Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн хотгор, хөндийн тогтоцтой бөгөөд цаг уур, газрын гадаргын онцлог нь агаарын чанарын орон зайн болон цаг хугацааны өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг. Иймээс агаарын бохирдлыг зөвхөн автомат станцын цэгэн хэмжилтийн тоон мэдээллээр бус, хотын газарзүйн тогтоц, газрын гадаргын өндөршил болон цаг хугацааны өөрчлөлттэй нь уялдуулж 3D орчинд дүрслэх нь агаарын чанарын нөхцөл байдлыг илүү бодитой, ойлгомжтойгоор харах боломжийг бүрдүүлсэн гэнэ.
Сэтгэгдэл үлдээх